Ф.Ницше “Бурхан үхсэн” гэдэг алдарт үгээрээ дэлхийн урлаг, соёл, уран барилга, уран зохиол, гүн, түүх бичлэгийг өөрчилсөн. Харин метамодернистууд “Постмодернизмын үе хэдийн өнгөрчээ” гэж тунхаглаж байна. Энэ бол цоо шинэ ухамсар руу шилжих тухай мэдэгдэл. Философичид, утга зохиол судлаачид, уран бүтээлчдийн хамтын хүчин чармайлтаар хүн төрөлхтөн постмодерноос дараагийн үе рүү шилжиж байна. Гэрлэн дохионы ногоон гэрэл асахтай адил шинэ бодит байдалд, ёс зүй, сэтгэл, шинэ дүрмээр амьдрах цаг иржээ. Тиймээс энэ зууныг метамодернизмын эрин гэж тунхаглаад байна. Канадын судлаач, шүүмжлэгч Линда Хатчеон “Постмодернизм 2002 онд төгссөнийг хүлээн зөвшөөрөх цаг болсон” гэж “Постмодернизмын улс төр” номдоо бичжээ.
Метад тэмүүлэх нь
Метамодернизм цаг хугацааны шалгуурыг давж амжаагүй, үүнээсээ болж шүүмжлэлд өртдөг ч постмодернизмыг үгүйсгэдэг уран бүтээлчид нь өөрсдийгөө “цэвэр” урлагаар тодорхойлдог. Гүн гүнзгий хэв маяг, хоосон чанар, бодит бус байдал, байгалийн жамыг чухалчилдаг метамодернист уран бүтээлчдийн нэг бол Крис Энгман. Лос-Анжелес хотын концептуал зураач тэрбээр олон гэрэл зургаас бүтсэн ландшафтын зургийг бодит амьдрал дээр буулгасан уран зөгнөлт инстолляцуудаараа алдартай. Түүний бүтээлүүд бодит ертөнц ба бодит бус байдлын хоорондох заагийг бүдгэрүүлснээрээ онцлог. Мөн шинжлэх ухаан, урлагийн уулзвар дахь томоохон хэмжээний уран зургийн инстолляциараа алдартай Олафур Элиассоныг метамодернист зураач гэдэг. Нэг ёсондоо гэрэл, ус түүний бүтээлүүдийг чимдэг ч байгаль эцсийн зорилго нь биш. Энэ нь зөвхөн үзэгч болон түүний субьектив туршлагыг судлах арга зам болж өгдөг. Лондон дахь “Тейт Модерн”-ы орон зайг бүхэлд нь эзэлсэн "Цаг агаарын төсөл" хэмээх домогт инстолляци нь үүний жишээ юм. Хүн төрөлхтнийг халуун одтой ойртуулснаар хүн төвт үзэл гэсэн ойлголтыг огтолжээ. Үзэгчдийг цэвэр туршлагын үзэгдэлд хүргэдэг өөр нэг уран бүтээлч бол Жеймс Туррел. Тэрбээр гэрэл ба орон зайн харилцааг судалдаг. "Ганцфельд" цуврал инстолляцидаа хаалттай орон зайн бүтээн байгуулалтыг онцолж, дотор нь үзэгч дээш доош, хил хязгаар, алсын зайн мэдрэмжээ алддаг байна. Метамодернист урсгалын өөр нэг тод төлөөлөгч бол Английн зураач Дэвид Торп. Түүний цуврал ландшафтуудад үнэн ба уран зөгнөл зэрэгцэн оршдог бөгөөд мэдээжийн хэрэг метамоденизмын хэв маяг болох романтик концептуализмын нөлөөг ажиглаж болно. Тэрбээр уран бүтээлийнхээ тусламжтайгаар хувь хүний болон нийгмийн аль алинд нь хязгаарлагдмал мэдрэмжтэй тэмцдэг. Уран зохиол 2000-аад оны эхээр постмодернизмаас метамодернизмд шилжиж эхэлжээ. Уран зохиолд Харүки Мүракамийн зохиолуудыг метамодерн үзэгдэл гэж судлаачид тодорхойлсон. Тэрбээр анхны хүний өгүүлэмж, өдөр тутмын амьдралын нарийн ширийн зүйлийг гаргууд илэрхийлдэг. Эргэлзээ бол түүний гол дүрүүдийн онцлог юм. Бодит ба гайхамшиг хоёрын хоорондох хамгийн нарийн шугам. Үүнийг метамодернизмын онцлог гэж хэлж болно. Метамодернистууд уур амьсгалын өөрчлөлт, соёлын дайн, био-элэгдэл, улс төрийн авлига, эдийн засгийн олон бүтэлгүйтэлд хариу арга өгөх амбицтай зорилготой. Зарим нь “Бид хоёр ертөнцийн хооронд байна. Мөхөж буй болон хараахан бойжоогүй шинэ системийн талаар маргаж эхэлсэн” гэдэг. Метамодернистууд барууны ертөнцөд өрнөж буй соёлын дайныг модернист ба постмодернист үнэт зүйлсийн хоорондох тэмцэл гэж үздэг. Тэд эдгээр эсрэг тэсрэг зүйлийг нэгтгэж, шинэ зүйл бүтээхийг эрмэлзэж байна. Кино урлаг дахь метамодерны жишээ бол “Жокер” уран сайхны кино. Тэр галзуу, галзуугаараа үнэнч, харгис хэрцгий ч нэгэн зэрэг өрөвдөх сэтгэлтэй. Өөрөөр хэлбэл хорон санаатны дүрээс хүнийг ялгах нь метамодерн юм. Ийм мэдрэмжийг Вес Андерсон, Миранда Жулиа, Спайк Жонс нарын кинонуудаас харж болно. Метамодернизм нь Кен Вилберийн боловсруулсан үе шатыг хөгжүүлэх интеграл онолоос үндэстэй. Интеграл бол барууны хөгжлийн сэтгэл зүй, дорно дахины шашны уламжлал, гол төлөв Вед (Энэтхэгийн философи), Зэн хоёрын нэгдэл юм. Сонирхуулахад мета гэдэг үгийг Аристотель мэдэрч чадахгүй ч хийсвэр сэтгэлгээгээр ойлгож болох юмсын хувиршгүй мөнхийн эх сурвалж гэж үзсэн бол, Ф.Гегель диалектикийн эсрэг гэсэн утгаар хэрэглэж байжээ. “Метамодернист тунхаг”-ыг зураач Люк Тернер 2011 онд бичжээ. Тунхагт дараах найман зарчмыг эш болгосон байна.
-Метамодернист хүнд хэлбэлзэл бол дэлхийн хөгжлийн хууль юм.
-Модернизмын гэнэн зан, постмодернизмын цинизмээс ангижрах нь метамодернистын үүрэг.
-Эсрэг санаануудын хооронд хэлбэлзэх нь ертөнцийг хөдөлгөөнд оруулдаг.
-Зам болгон хязгаартай.
-Дэлхий ертөнц ялгаагаар дүүрэн. Ялгаатай байдлыг илтгэх нь урлагийн нэгэн зорилго юм.
-Өнөөгийн метамодернистуудад өнгөрсөн болон ирээдүй адилхан чухал үүрэгтэй.
-Дэлхий ертөнцийг судлах, үнэний эрэл хайгуул нь урлаг, шинжлэх ухааны хослол юм.
-Метамодернистууд өөрийн гэсэн утопийг бүтээж чаддаг.
Сүүлчийн изм үү
2008 онд дэлхийн өрийн хямрал нь дундаж давхаргын тухай үлгэр домогт цэг тавьж, хүмүүсийн нийгмийн асар их зөрүүг илчилсэн. Үүний зэрэгцээ нефтийн хямрал, “Wikileaks”, “Occupy” хөдөлгөөн, популист хэт даврагч үзлийн улмаас улс төрийн тогтвортой байдал алдагджээ. Үймээн самуун, жагсаал цуглаан болж, цахим шуудангийн хакер дуулиан дэгдээлээ. Урлаг ч бас өөрчлөгдсөн. Нью-Йоркийн судлаач Жерри Сальцын хэлснээр, урлагт “сэтгэгдэл бичих” шинэ төрөл нэвтэрчээ. Рембрандт, Пикассогийн зургийг ижил линзээр харах нь утгагүйн адил бүтээл бүр өөр өөр яриа дагуулдаг. Яриа давхцаж, бие биедээ мэдээлэл өгч, даяаршил, капитализм, худал ухамсар эсвэл Кантын гоо зүй гэсэн онолын таамаглалыг хуваалцаж болно. Гэхдээ цаг хугацаа, газар нутаг, нөхцөл байдалд тохирсон байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, террорист хядлагууд, дижитал технологи нь орчин үеийн урлагийг ч бас эргэлзээтэй болгоход нөлөөлсөн. Хамгийн гол нь, нийтийн соёлын ялгаатай талууд адилсаж эхэлснээр постмодернизм мухардалд оржээ. Бүх сонгодгийг үгүйсгэсэн модернизм сонгодгуудыг цоо шинээр харахыг чухалчилсан постмодернизмдоо үгүйсгэгдсэн. Тэгвэл постмодернизмын дараагийн үе нь буцаад модернизмоо шинээр харахын зэрэгцээ хоёуланг нь үгүйсгэхийг эрмэлзэж байна. Өнөөдөр хүмүүс пянз сонсож, дижитал хөгжмөөс татгалзаж байгаа нь ч цаг үеийнхээ технологид хашигдахгүйг чухалчилсан энэ хандлагын нөлөө. Премодерн, модерн, постмодерн, метамодерн гэсэн дөрвөн үе шатыг сэтгэлгээний парадигм гэж тайлбарлах нь бий. Премодерн бол хүн бурхны харилцаанд үндэслэсэн орчин үеийн өмнөх үе. Энэ бол эртний гүн ухаан, теологийн уран зохиол бөгөөд хүнд тохиолдох бүх зүйл бурхны хүслээр болдог, дэлхий ертөнц ойлгомжгүй гэсэн санааг тусгадаг. Тэгвэл модерн уран зохиолын хөгжил XVI зуунд эхэлжээ. Галилео дэлхий галактикийн төвд байдаг гэсэн Христос сургаалыг эсэргүүцэх үед европчууд итгэлийн эрин үеэс оюун ухааны эрин үе рүү шилжсэн. Гэгээрлийн үе Европыг уламжлалтаас орчин үеийн болгон өөрчилсөн билээ. Харин XX зууны соёлын хямралын эрин үед постмодерн уран зохиол модернизмын эсрэг үзэл санаа болон “мэндэлжээ”. Ёжтой хэрнээ гунигтай постмодерн гэдэг үгийг Германы зохиолч Рудольф Панвиц 1917 онд “Европын соёлын хямрал” номдоо анх ашигласан юм. Постмодернизмыг “Маркс, Ницше, Фрейдийн эрин үе”-ийг даван туулах зорилгоор бий болгосон ч гэж үздэг. Ингээд 2000-аад оны эхээр постмодернизмын цинизмийг даван туулж, шинэ сэтгэлгээнд дуудсан мета үе гарч ирэв. Метамодерн гэдэг нэр томъёог 2010 онд Нидерландын философич Тимотей Вермеулен, Робин ван ден Аккер нар "Метамодернизмын тухай тэмдэглэл" эссэндээ дурдсан байдаг. Метамодернизмын үндэс суурь нь байнга өөрчлөгдөж байдаг хэм хэмжээ. Энэ дөрвөн нэршлийг товчхондоо премодерн-бурхан бидэнтэй хамт байх болтугай, модерн-бүгд дүрмийн дагуу, постмодерн-бүхнийг шинээр, метамодерн-модерн ба постмодернизмын хоорондох дүүжин гэж тодорхойлж болно.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна