Б.Анхилуун: Одоо биднийг зөвхөн сайн сайхан зүйл л хүлээж байгаа


Ертөнцийн түм буман давтагдашгүй “өнгө”-нөөс тодоос тод гэрэлтэх нэгийг нь сонгон “Бүтээлч урлан”-даа урилаа. Цаас, бийртэй нөхөрлөөд удаагүй ч өөрийн гэсэн орон зайгаа хэдийн бүрдүүлсэн зураачийг Б.Анхилуун гэдэг. Хүний нүдэнд үзэгдэх хийгээд үл үзэгдэх бодгалийг өнгө будгаар баяжуулахдаа түнэр харанхуйд ч гэрэлтэхээр дүрсэлдэг нь Б.Анхилууны онцлог ажээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.    

-Таны зургандаа орж, дурлаж зурахыг хараад хүүхэд байхаасаа л зураач болох хүсэл мөрөөдөлтэй байсан юм болов уу гэж таамаглалаа. Миний зөв үү?         
-Хэн нэг нь миний хийх дуртай зүйлийг асуувал би “Хөгжим сонсонгоо зураг зурах” гэж хариулна. Түүнээс биш багаасаа зураач болно гэж мөрөөдсөн гэвэл үнэнээс хол зөрнө. Миний хувьд бусад хүүхдийн нэгэн адил багадаа цаас харандаатай нөхөрлөсөн. Нас чацуутнуудтайгаа уралдаанд оролцоод гайгүй үнэлгээ авдаг хүүхэд байсан ч мэргэжил  сонгохдоо өөр замаар явахаар шийдсэн.  Олон улсын худалдаа, эдийн засгаар чиглэлээр Хятадад бакалаврын зэрэг хамгаалсан хүндээ, би. 


-Зураачаас тэс ондоо мэргэжлээр суралцсан хүнээс “Яагаад” гэж асуувал илүүц болох биз. Гэхдээ та одоо зөн совингоо дагаад урландаа буцаад иржээ?
-Хүн байх ёстой газраа заавал буцаж ирдэг. Энэ жамаараа би ч гэсэн бийр, цаастай нөхөрлөөд сууж байна. Гэхдээ сонирхлоороо, цаг нөгцөөж бус таны хэлсэнчлэн урландаа дуртай зүйлээ хийгээд сууж байна. Би хүүхэд байхдаа аавдаа нэг удаа “Би зураач болъё” гэж хэлсэн. Тэр үед аав маань “Хорвоогоор дүүрэн зураач байхад яах гээд байгаа юм бэ” гээд халгаагаагүй. Магадгүй намайг шантрах байх гэж бодоод эрсдэлтэй алхам хийхээс сэргийлсэн байх. Тиймээс “Эмэгтэй хүнд тогтвор суурьшилтай ажил хэрэгтэй” гэж хэлсэн байж магадгүй. Гэхдээ хүн ухамсраараа мэргэжил эзэмшсэн ч сонирхолгүй бол хүсэл зориг ерөөсөө төрдөггүй. Тиймээс эргээд урландаа ирсэн. Ингэж гэнэтийн шийдвэр гаргасан нь дээрээс улбаатай байхыг үгүйсгэхгүй. Аав, ээжийн хэлснээр манай удамд зураг зурдаг хүн байсан. Бас хөгшин эмээ маань намайг “Алтан гартай” гэж урам хайрладаг байсныг санаж байна. 

 
-Тэгэхээр та урлагийн сургуульд сураагүй, төрөлх авьяасаараа зургаа зурдаг байх нь ээ?
-Америкийн “The School of Arts and Enterprise” коллежид зургийн хичээл сонгон суралцаж байсан. 17 настай байсан болохоор урлагийн чиглэлээр хичээл судлаад их баяртай байснаа санадаг. Одоо яагаад тухайн үед үргэлжлүүлэн Америкт урлагийн чиглэлээр сураагүй юм бол оо гэж боддог. Мэдэхгүй, хувь заяа л байсан юм болов уу даа.


-Та зураг амилуулах техникээ хэрхэн олж авав. Зураг амьгүй бол торгон дээр сийлээд ч хоосон санагдаж, сэтгэлд хүрэхгүй.    
-/Хэсэг хугацаанд бодолхийлэв/ Мэдрэмжтэй холбоотой. Одоо би урлагийн сургуульд сураагүйдээ олзуурхаад байгаа. Сургуульд орсон бол мэргэжлийн багш нараас олон зүйлийн талаар мэдэж суралцана. Гэхдээ энэ нь намайг ямар нэгэн байдлаар хайрцаглачих байсан байх. Харин одоо намайг хар л даа. Зураг зурахдаа “Энэ нь тийм байх ёстой” гэсэн бодолд автдаггүй. Зургийн аль нэг төрөлд баригдалгүйгээр ажилладаг. Зургаа амьтай болгож, өнгө будгийг нь маш сайн тохируулахыг хичээдэг чөлөөт уран бүтээлч болсон.  


-Энэ хугацаанд гадаад, дотоодын зураачийн арга ажиллагаанаас суралцав уу. Тэднээс зөвлөгөө авсан тохиолдол бий юү?
-Багаасаа гадаадад байсан болохоор Монголын зураач нартай ойр дотно байх боломж гараагүй. Харин гадаадын уран бүтээлчдээс Криско артыг сонирхон хардаг. Яагаад гэвэл, надтай зарим талаараа адилхан, фосфортой будаг ашигладаг. Энэ нь зарим талаараа миний онцлог болдог. Би амьдрал төдийгүй уран бүтээлийн талбар дээрээ ч аль болох эерэг байхыг хичээдэг. Гэгээлэг зүйлд  тэмүүлж аливааг өөдрөгөөр харахыг хүсдэг зураач. 


-Таны өнгөний сонголтоос энэ онцлог ихээхэн ажиглагддаг. Та яаж өнгийг ялгаж гаргадаг юм бэ. Мөн фосфортдог арга, техник нь тусдаа байна уу?
-Би гурван төрлийн будгийг хольж буддаг. Эхлээд суурь өнгөнүүдээ акрилкаар тавина. Уусалт ихтэй зургийг тосон будгаар буддаг. Мөн цэнхэр гэрлэнд, хав харанхуйд асаж харагддаг хоёр төрлийн будаг бий. Зураг гурван өөрөөр харагдана гэсэн үг. Гэрэлтэй, харанхуй газарт байсан ч амьд юм шиг гоё харагддаг. Энэ байдал нь надад их өвөрмөц санагддаг. 


-Таны зургийг хараад үзэгч юу гэж ойлгоосой, юу мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Хүн төрөлхтөн цар тахлын хүнд хэцүү он жилүүдийг даван туулж байна. Тиймээс “Одоо биднийг зөвхөн сайн сайхан зүйл л хүлээж байгаа” гэдгийг миний бүтээлийг хараад ойлгоосой гэж хүсдэг. Би бүтээлээрээ дамжуулан хүмүүст аль болох сайн сайхан энерги өгөхийг эрмэлздэг. Мөн огторгуйн дунд аугаа гэрэл байдаг гэдгийг сануулахыг хүсдэг. Тиймээс 5D ертөнцөөс ирсэн  ер бусын амьтан ч юм уу. Дэлхий дээр байдаггүй өнгө төрхтэй ан амьтныг бүтээлдээ дүрслэхийг хичээдэг юм. 


-Зургаа зурахдаа та нарыг орчлон ертөнцөөс тасардаг гэж хэлснийг сонссон. Харин та өөрийн хамгийн тааламжтай бяцхан орон зайдаа ямар зүйлийг ургуулан төсөөлдөг бол?
-Дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх. Хөгжим сонсоод зургаа зурахаар орчлон ертөнцөөс тасарсан мэт мэдрэмж төрдөг. Хэдэн цагаар ч хамаагүй суугаад зургаа илүү илэрхийлэлтэй болгоход анхаардаг. Ингэж улайрснаасаа болоод заримдаа хоол идэхээ хүртэл мартдаг тал бий. Урландаа суугаад зургаа эхлүүлсэн бол тэр ертөнцдөө бүрэн ордог.

 
-Зураачийн өнгөний сонголт их сонирхол татдаг. Харин та тод өнгөнөөс айдаггүй. Ер нь тод байх тусмаа гоё юм уу?
-Хэмнэлдээ таарч байгаа л бол гоё. Хэтэрхий тод өнгийг олон дахин ашиглах тийм ч оновчтой биш. Яагаад гэвэл хүн зураг хараад маш гоё мэдрэмж авах ёстой. Гэтэл хэтэрхий олон өнгө оруулсан байвал ядарна биз дээ. Тиймээс би зургийнхаа орц, өнгө гээд бүхий л зүйлийг тааруулахыг хичээдэг. Энэ нь зураачийн мэдрэмжтэй шууд холбоотой. 


-Байх ёстой орон зайгаа олж чадвал Монголын зах зээл уран бүтээлчдэд боломжийн санагддаг. Та юу гэж бодож байна вэ?
-Зураач нарын хувьд Монголын зах зээл таны хэлсэн шиг боломжийн. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Миний хувьд ирээдүйд гадаадын зах зээлд уран бүтээлээ таниулах зорилготой. Эхний алхмуудаа хийгээд хоёр, гурван ч удаа гадаад руу зургаа экспортолсон. Тэгэхээр тэнд надад орон зай байна гэж харж байгаа. Гэхдээ түүнээс өмнө Монголдоо амьдарна. Хүүхэд ч бага байгаа болохоор эх орондоо суурьшина. Яагаад гэвэл монголчууд маань намайг илүү ойлгох юм шиг санагддаг. Одоо төрж байгаа мэдрэмжүүд ч Монголд илүү ойр байна.

 
-Та хүүхдүүддээ анхаарал тавьдаг ээж юм. Харин таныг уран бүтээлч болно гэхэд ээж тань хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Зураач болно гэхэд ээж минь намайг дэмжээд “Миний охины гэгээлэг ертөнц уран бүтээлч болбол илүү тодорно” гэсэн.  Би ч өөрийгөө сонголтоо зөв хийсэн гэж бодож байна. Би их азтай. Сайхан эцэг, эхийн хайранд өссөн өөрийгөө азтайд тооцдог. Би ээжийнхээ 18 настайд төрсөн. Одоо ээжтэйгээ найзууд шиг харилцдаг. Ээж маань цоглог, гоё энергитэй хүн бий. Мөн Минжинсор эгч маань гэр бүл дундаас намайг хамгийн сайн ойлгож дэмждэг нэгэн.


-Монголд ирээд өөрийн гэсэн орон зай, үзэгчээ бэлтгэж чадсан уу?
-Тодорхой хэмжээнд чадсан. Хоёр жилийн өмнө “B Luna art” фэйсбүүк хаягийг нээж байлаа. Миний уран бүтээлийг хүмүүс сонирхохыг хараад урам орсон. Бас нэг бүтээлээ олон нийтийн сүлжээнд танилцуулсан өдрөө эзэнтэй болохыг хараад “Болох юм байна” гэж санагдсанаа нуухгүй.  Одоо бол бүтээлийг минь сонирхдог, худалдан авагч цөөнгүй бий. 


-Алдар нэрийг дагадаг зүйлийн нэг нь хэл ам байдаг. Та хүмүүсийн дэл сул яриаг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Нэг их эмзэглэж хүлээж авдаггүй. Би ямар ч зүйлийг харлуулж хүлээн авахыг хүсдэггүй. Хүн болсон хойно ядарсан, стресстэй үед толгойд олон зүйлийн бодол орж ирнэ. Гэхдээ тэдгээрээс өөрийгөө аль болох чөлөөлж дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж муу бодлоос ангижрахыг хичээдэг. Тэгээд ч би үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Тийм болохоор ойрын хугацаанд уран бүтээлдээ түлхүү цаг гаргана. Амжвал гурван жилийн дотор үзэсгэлэнгээ олон нийтэд хүргэнэ гэсэн бодолтой байна. Миний бодлоор үзэсгэлэн гаргахад хугацаа чухал биш. Тухайн цаг үе, сэдэв, хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Мэдээж бүтээл болгоны төрөх хугацаа харилцан адилгүй. Гэхдээ сэдвээ бариад авчихсан байхад үзэсгэлэн гаргах тийм ч холын зүйл биш юм шиг санагддаг. 


-Дүрслэх урлагийн чиглэлээр академик  түвшинд сурах бодол бий юү?
-Сурах бодол бий. Бас сонирхож судалсан сургууль ч байгаа. Түүнээс өмнө хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатай байна. 


-Ярилцлагын төгсгөлд урландаа дуусгаагүй  орхисон бүтээлээ танил­цуулаач. Ямар сэдэвтэй бүтээл вэ?
-Хамгийн сүүлд эвтэй дөрвөн амьтныг зурлаа. Гэрэлтдэг эвтэй дөрвөн амьтныг бүтээхийг хүссэн. “Бид огторгуйн нэг хэсэг. Эвтэй байснаар эх дэлхий маань амар тайван байна” гэсэн санааг бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон юм. Зургаа зурж байхдаа би  бодлоо чөлөөлөхийг хичээдэг. Бодлоо чөлөөлөх тусам зүрх сэтгэлээс гарч байгаа бүтээлүүд илүү тодорно. Гэтэл удаан хугацаанд бодож гаргасан бүтээл заримдаа хүлээлтэд хүрч чаддаггүй тал бий. Тиймээс хүний сэтгэл диваажингийн гэрэл гэдгийг санахыг хичээдэг. Тэгж чадвал миний илэрхийлсэн нар тодоос тод гэрэлтэж чадна. 

“4 harmonious friends” 2023 он


 “Lucky dragon” 2023 он


 “Enlightening” 2020 он


 “The Great falcon” 2022 он


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 минутын өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 минутын өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 19 минутын өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 22 минутын өмнө
SDY Calling you... 41 минутын өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 46 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 1 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 1 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 1 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22