Шоу бизнест цоо шинэ, содон өнгө төрхийг бий болгох зорилго өвөртлөн одоогоос 16 жилийн өмнө үүд хаалгаа нээсэн “MSB” компанийн продюсер Н.Баяржаргалтай ярилцлаа.
-Манай сонины уншигчдад компанийнхаа үйл ажиллагааг танилцуулна уу. Танай компанийн гол зорилго, чиглэл юу вэ?
-Би анх найз Мөнхдалай, Сүхбаатар нартайгаа хамтарч, 2007 онд “MSB” нэртэй энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани байгуулсан. Компанийн нэрийн товчлолыг задалбал “Mongolian show business” гэсэн агуулгатай. Бид Монголын шоу бизнест шинэ, содон өнгө төрх бий болгож, залуусыг шинэлэг, үзүүштэй мэдээ мэдээллээр хангах зорилгод нэгдэж, энэ хүрээндээ олон арга хэмжээг зохион байгуулж байна.
-Хамгийн анх зохион байгуулсан энтертайнмент арга хэмжээнийхээ талаар сонирхуулж болох уу?
-Бид компаниа байгуулсан жилдээ буюу 2007 онд “АПУ” ХХК-тай хамтарч, Монголд анх удаа “Улаан хивс”-ний ёслолын арга хэмжээ зохион байгуулсан. Үүнийг Монголд анх удаа гэж тодотгосон нь бас учиртай. Тухайн загварын шоуг хэвийн хэвшмэл байдлаар бус шинэлэг, энтертайнмент маягаар зохион байгуулсан гэдэг агуулгаар нь анх удаа гэж тодотгож хэлж байгаа юм шүү. Тухайн үед улс төр, урлаг соёл, бизнес, хувцас загвар гээд салбар бүрийн төлөөллийг урилгаар оролцуулж, нэгдсэн цогц арга хэмжээ хийж байлаа. Тус арга хэмжээнд оролцсон талууд үнэхээр сэтгэл ханамжтай үлдсэн. Мөн олон нийт ч гэсэн тухайн үед маш гоёор хүлээж авч байсан. Тиймээс бид үүнээс урам авч, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна. Тухайлбал, 2008 онд “Шилмэл загвар” ХХК-ийн 30 жилийн ойг Соёлын төв өргөөнд хийсэн. Мөн 2010 онд “Monnis” ХХК –ийн “Nissan Teana” автомашиныг олон нийтэд танилцуулах ажлыг гүйцэтгэж байлаа.
-Та бүхний хийсэн томоохон ажлуудаас орон нутагт зохион байгуулсан “Гоёл” наадмыг онцлон асууя. Тухайн үед ижил төрлийн бусад наадмаас юугаараа онцлогтой болж байв?
-“Гоёл” наадмыг орон нутагт зохион байгуулсан гэдэг эхний онцлог нь. Бид хамгийн түрүүнд баруун бүсийн таван аймгийн “Гоёл” наадмыг 2018 онд Говь-Алтай аймагт зохион байгуулсан. Үүнд орон нутгийнхан нэлээд идэвх санаачилгатай оролцож, Ховд аймгийн загвар зохион бүтээгчид Гранпри шагналын эзэд болж байв. Загварыг урлагтай холбож, үзүүштэй болгож буйгаараа онцлогтой. Говь-Алтай аймгийн театрын бүжигчид, уртын дуучид гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, бид “Гоёл” наадмаа цамаар эхлүүлж байх жишээтэй. Энэхүү наадам маань амжилттай болсон тул зүүн бүсийн аймгууд бидэнд хандаж, “Ийм гоё цогц арга хэмжээ зохион байгуулж өгөөч” гэдэг санал тавьсан. Тиймээс бид 2019 онд зүүн бүсийн таван аймгийн “Гоёл” наадмыг Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай зохион байгуулсан. Мөн тухайн үед “Дорнод театр”-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байв.
-Тэр үеийн арга хэмжээнээс ямар санал, шийдлийг олж харсан бэ. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хүрээнд онцлууштай зүйл ажигласан уу?
-Нэг зүйлийг тод ажигласан. Орон нутаг дахь жижиг, дунд бизнес эрхлэгчид авьяас чадвартай ч зах зээл нь хязгаарлагдмал байдаг юм билээ. Тэднийг эхний ээлжид Улаанбаатар хот, цаашлаад олон улсын зах зээлд хөл тавихад нь дэмжих хэрэгтэй. Тиймээс бид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ялангуяа хувцас загварт хүч үзэж буй залуучуудад бага ч болтугай дэмжлэг болох үүднээс цуврал контент хийж эхэлсэн.
-Уншигчдад, мөн танай компанийг сонирхож буй бизнес эрхлэгч залуучуудад контентынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Mongolian fashion” загварын цуврал шоу нэвтрүүлгийг бэлтгэн “NTV” сувгаар хүргэж байна. Мөн тухайн бүтээлээ Юнивишний видео санд оруулсан байгаа. Энэхүү контентыг бүтээхэд “Matrix” салон, “Naru” фото болон make up студи, загварын агентлаг зэрэг залуус дэмжиж, хамтарч ажилласан. Нэг үеэ бодвол залуучууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих сэтгэлтэй, хамтарч ажиллах хүсэлтэй болсон нь бахархууштай санагдлаа.
-Шоу нэвтрүүлэгтээ загварын ертөнцийн ямар газруудыг онцлон харуулсан бэ?
-Нэвтрүүлэг үргэлжлэх 30 минутын хугацаанд тухайн нэг газрын бараа, бүтээгдэхүүнийг бүх талаас нь онцолж, харуулдаг. Контент маань монгол брэнд, дизайнер, фото модель, урлагийн болон загварын шоу гэсэн зургаан булантай. Бид эхний дугаартаа “Зүймэл даавуун урлалын төв”-ийг оруулсан. Тэднийх даавууны хаягдал өөдсийг ашиглан өнгө, загварыг төгс хослуулан хувцас, цүнх, бэлэг дурсгал гэх мэт олон төрлийн зүйл хийдэг. Зүймэл даавуун урлалынхан маань өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж буй нь давуу тал болж байна. Хоёр дахь цувралд сарлагийн хөөврөөр хувцас хийдэг “Bodios Mongolia” брэндийг танилцуулсан. Тухайн газрынхан тусгайлан бэлтгэсэн өвс, бордоогоор сарлагаа тэжээж, хөөвөр гаргаж авдаг нь бусдаас ялгарах нэг онцлог болдог. Сарлагийн хөөврөөр хийсэн хувцас биед эвтэйхэн, дулаан, хөнгөхөн байдаг. Тэд хөөврийг будганд оруулахгүйгээр байгалийнх нь өнгөөр ашигладаг тул химийн бодис агуулаагүй, харшил өгөхгүй гэх мэт олон давуу талтай. Дараагийнх нь савхи болон цүнх үйлдвэрлэдэг “Агни” компани. Эднийх “The Hu”, “Харанга” зэрэг хамтлагийн хувцсыг урладаг. “Агни”-гийнхан цүнхээрээ алдартай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Сүүлийн дугаарт эгч, дүү хоёрын хамтарч бүтээсэн индиан хэв маягийг шингээсэн “Boho Mongolia” гээд брэндийг онцолж, харуулсан. Тэдний хувцсыг 50 гаруй загвар өмсөгч өмсөж, амилуулсан. Өвөрмөц хэв маягийг шингээсэн учраас залуучуудын сонирхлыг их татаж байгаа.
-Нэвтрүүлгээ зурагтаар цацсаны дараа тандалт судалгаа хийсэн байх. Үзэгчид ялангуяа залуучууд та бүхний бүтээлийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Үзсэн хүмүүсийн хувьд сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан. Ер нь залуучууд маазарсан, хэн нэгнийг харлуулсан сөрөг мэдээ мэдээлэл рүү нийтээрээ хошуурч, тэр асуудлаар хоёр хуваагдан маргалддаг нийтлэг дүр зураг бий болсон байна. Бүх зүйлийг шүүмжлэх хандлага давамгайлж буйд үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Тиймээс бие биеэ дэмжиж, хамтрах байдлаар арай өөр шинэлэг, содон өнгө төрхтэй, бодит, эерэг бүтээл түгээхийг зорьж байна. Залуучууд нэгнээ дэмжиж чадвал хийж бүтээх авьяас чадвар, боломж нөөц хангалттай байгааг манай нэвтрүүлгээс харж болно. Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэн хүрээгээ тэлж, хөгжиж байна шүү дээ.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн хэтэрхий өндөр үнэтэй байдаг учраас хүссэн хүн бүр худалдаж авч чаддаггүй тал бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж та харж байна вэ?
-Манай улс томоохон үйлдвэрүүдтэй байх үед бараа бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэдэг байсан учраас үнэ нь арай хямд байсан болов уу гэж боддог. Харин одоо жижиг, дунд бизнес эрхлэгчид маань өөрсдийн нөөц боломждоо тааруулаад цомхон маягаар үйл ажиллагаа явуулж байна. Цөөхөн хүн ажиллаж, багагүй хугацаанд цөөн тооны хувцас урладаг учраас өртөг үнэ нь өндөр гардаг юм шиг санагдсан. Хэрэв олон тоогоор хийж, дотоодын болон гаднын зах зээл рүү хангалттай хэмжээнд нийлүүлж чадвал үнэ нь арай хямд байх магадлалтай. Гэхдээ дотоодын хэрэгцээгээ хангах боломж нөөц байгаа ч нэгдэж, нийлж чадахгүй байна. Хонины нэхий ямар ч үнэгүй, хог дээр хаягдаж байхад хятадууд түүнийг авч, боловсруулан бүтээгдэхүүн болгоод эргүүлээд Монгол руу нийлүүлэх жишээтэй. Уг нь үүнийг тэд биш бид хийх ёстой шүү дээ.
-Таныг 2008 оны шилдэг загвар өмсөгч болж байсныг санаж байна. Энэ салбартай илүү ойр байдаг, мөн үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилладаг хүний хувьд тэд тулгамдаж буй асуудал гэвэл юу хэлэх вэ?
-Тэд зээлийн хүртээмжийн асуудлыг хөнддөг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох газруудаас зээл хүсдэг ч ихэнхдээ бүтдэггүй тухай ярьж байхыг олон удаа сонссон. Уйгагүй хөөцөлдсөний үр дүнд зарим нь зээлээ бүтээдэг ч тэр нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүрдэггүй тухайгаа бидэнтэй мөн хуваалцаж байсан.
-Та цаашдын зорилго, зорилтоосоо бидэнтэй хуваалцаач?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд, ялангуяа хувцсыг урлаг соёлтой холбох байдлаар энтертайнмент арга хэмжээ зохион байгуулах гэх мэт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл олон бий. Гэхдээ үүнийг хийхээсээ өмнө бус бодит ажил хэрэг болгосныхоо дараа ярья. Ямартай ч одоогоор нэг сайхан дуутай болсон. Түүнийгээ клипжүүлэх ажлыг хийж байна. Бусад зорилго, зорилтоо зүгээр нэг ярих бус үйлдлээрээ харуулъя.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна