Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийг ярилцлагын зочноор урилаа. Дүрслэх урлагийн коллеж, дараа нь Минск хотын Дүрслэх урлагийн академид суралцсан түүний уран бүтээлийн хэмнэл ихээхэн онцлогтой. Цаг хугацааны эргүүлэгт хувьсахгүй явсаар өнөөдрийг хүрэхдээ хүний дотоод сэтгэл рүү өнгийх сэдлийг олж, агуулга төгөлдөр болжээ. Дүрслэх урлагийн орчин цагийн олон төрлөөр ажилладаг тэрбээр Венец хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ хоёр ч удаа үзэгчдийн хүртээл болгосныг дурдахгүй өнгөрч болохгүй юм.
-“Илааршил” үзэсгэлэнгээр манай уншигчидтай танилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд өрнөсөн шинэ, содон үйл явдлаас эхлэн ярилцъя гэж бодлоо?
-Миний уран бүтээлийн үйл явц зогсолтгүй үргэлжилдэг учраас цоо шинэ гэдэг ойлголт хол санагдаж байна. Бас бүтээлийн санаа, сэдэлд ч өөрчлөлт орсон зүйлгүй. Би амьдралаас, бодит юмсаас санаа, сэдэл авдаг. Түүнийгээ хүмүүст хүргэж, биежүүлэхдээ баримтуудыг ашигладаг. Амар тайван байдлыг бий болгож аль болох урландаа цагийг өнгөрөөхийг хичээдэг.
-Таныг гүнээс гүнд, багагүй хугацаанд оюун санаа, уран бүтээлийн эрэл хайгуул хийсэн байх гэж бодлоо. Энэ эрэл хайгуулын дүнд, уран бүтээлчийн хувьд юу олж авсан гэж бодож байна вэ?
-Уран бүтээлчийн эрэл хайгуул цаг хугацаагаар хязгаарлагдахгүй, олон жилийн туршид үргэлжилдэг. Амьдарч байгаа орчин тойрноосоо эхлээд эрэл хайгуул хийснээр хэрэгтэй зүйлээ өөртөө шингээн авдаг гэж ойлгож болно. Таны асуусан “Гүнээс гүнд” гэдэг агуулга миний “Эмзэг аялал” гэдэг баримлаас улбаатай. Англи хэлнээс монгол руу хөрвүүлэхэд “Гүнээс гүнд” гэдэг нь илүү оновчтой санагдсан учраас сүүлд оролцсон үзэсгэлэнгээ ч ингэж нэрлэсэн. Нөгөө талаараа энэ агуулга намайг бүрэн илэрхийлж чадсан. Миний уран бүтээл үзэгчийг гүнээс гүнд дагуулан орж чадах юм бол зорилго маань биелж байгаа хэрэг юм.
-Таны бүтээлүүдээс бэлгэдэл зүй, шашны агуулга гүн гүнзгий мэдрэгддэг. Энэ нь таны ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой юу?
-Монгол хүний амьдралын дадал хэвшилд Буддын шашин ямар нэгэн байдлаар агуулагдаж байдаг. Зарим хүний өдөр тутамдаа хийдэг үйлдэл шашинтай холбогддог. Миний зарим бүтээлд буддизмын нөлөө бий. Оюун санаанд гүн суучихсан зүйлс бүтээлээр маань илэрч байгаа хэрэг. “Илааршил” үзэсгэлэнгийн санаа одоо хүртэл үргэлжилж байна гэж ойлгож ч болох юм. Гэхдээ энэ нь бие махбодын хувьд тодруулбал, өвчин тусаад эдгээх гэж байгаагийн хэлбэр биш. Оюун санааны илааршлын тухай ойлголт юм.
-Венецэд болсон дүрслэх урлагийн олон улсын биенналь үзэгчдэд таны бүтээлүүдийг илүү том цар хүрээгээр харах боломжийг олгосон. Харин амьдралын энэ том аялал уран бүтээлчийн хувьд танд юу үлдээсэн бэ?
-Хүмүүс сонирхол, үзэл бодлоороо ижилсдэг юм шиг санагддаг. Дүрслэх урлагийн бүтээлийг шимтэн үзэж байгаа үзэгчдэд ч зарим талаараа ийм зүйл ажиглагддаг. Энэ байдал “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн үед ажиглагдаж байлаа. Өөртэйгөө адилхан ертөнцийг харах өнцөгтэй хэн нэгэнтэй таарахаар зарим хүний сэтгэл хөдлөл илэрч хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь миний бүтээлүүдтэй ч холбоотой. Яагаад гэвэл амьдрал дээрх юмсыг бүтээлдээ ашигладаг учраас тухайн хүний мэдрэмжээс хол зөрдөггүй. Заримдаа огтлолцдог тохиолдолтой цөөнгүй удаа таарч байсан. Тэдний хувьд миний бүтээлүүдийг үзэх нь оюуны фитнес хийж байгаатай адил. Зарим хүн ижилслийг хүсэж, хайж явдаг. Зорилготойгоор биш ч дотоод ухамсраараа байнга эрэл хайгуул хийсээр байдаг юм.
-Генээр дамжсан өгөгдөл хүн бүрд бий. Түүнээс шалтгаалж уран бүтээлчид амь, амьдрал бэлэглэсэн эцэг, эхээс улбаатай зүйлийг бүтээлдээ ашигладаг байх. Танд тийм зүйл тохиолдсон удаа бий юү?
-Энэ талаар бүр өмнө нь бодож бүтээлдээ илэрхийлээд бүтэлгүйтсэн тохиолдол надад бий. Би айлын өргөмөл хүүхэд. Заримдаа надад хоёр удаа төрсөн юм шиг санагддаг. Хүйн холбоотой ээжээсээ хүн болох хувийг хүртсэн. Харин өргөж авсан аав, ээж минь надад сайхан амьдрах боломжийг өгсөн. Энэ нь нэг талаараа надад дахин төрсөн мэт мэдрэмж төрүүлсэн. Үүнийг бодож байгаад бүтээл хийж байсан. Гэхдээ санасандаа хүртэл хийж чадаагүй болохоор орхичихсон. Устгасан гэж ч ойлгож болно.
-Энэ оролдлогоо хэзээ нэгэн цагт дахин хийх үү?
-Маргааш ямар зүйл тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс би бүтээлийн араас шамддаггүй. Энэ байдлаараа заримдаа зорилгогүй хүн шиг санагддаг байж ч магадгүй юм. Гэхдээ надад олон өгөгдөл бий. Хүн орчин тойрноосоо сэдэл авдаг. Харин сэдэл, өгөгдөл хоёр цагаа олоод нэгдэнэ гэдэг л амаргүй асуудал. Түүний учир шалтгааныг хэн ч мэдэхгүй.
-Өмнө та бид хоёр зүүд, зөнгийн талаар дурсаж байсан. Заримдаа таны бүтээл туурвих явц далдын ухамсраас өгөгдөлтэй юм шиг санагддаг уу?
-Санагддаг шүү. Тухайн үед нь санаанд ороогүй мөртлөө бүр сүүлд нь бодогдох жишээтэй. Түүнийг нь эргээд бодоход их сонин байдаг. Тиймээс би ийм зүйлийг ерөөсөө үгүйсгэж чаддаггүй. Уран бүтээлч хүн зэргэлдээ ертөнцөө бүтээж байдаг. Ертөнц хоорондын холбоонд далд ухамсар нөлөөлдөг. Зарим талаараа тусалж байдаг байж ч магадгүй юм.
-“Гүнээс гүнд” үзэсгэлэнгээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Магадгүй та дараагийн үзэсгэлэнгийн сэдвээ тодорхойлчихсон яваа байх?
-Одоогоор төлөвлөсөн зүйлгүй байна. Гэхдээ хэн нэг нь надад санал тавих юм бол өөрийнхөө хардаг өнцгөөс бүтээл хийх боломжтой. Тайван байдалд ажиллаад сурсан учраас тэр орчноо бүрдүүлж чадвал бүтээл хийхэд илүү үр дүнтэй санагддаг. Ер нь би нэг их адгаад байдаггүй төрлийн хүн.
-Цар тахлын үеийн чимээгүй хашхираан олон зүйлийн эхлэлийг тавилаа. Харин таны уран бүтээлийн амьдралд ямар өөрчлөлтийг авчирсан бол?
-Надад илүү эргэцүүлэх боломж олгосон юм болов уу. Түүнээс биш миний уран бүтээл хийх арга, ажиллагаанд өөрчлөлт гарсан зүйл байхгүй. Урландаа ганцаараа үед тав тухыг олсноор заримдаа санаа, сэдлээ олдог байж магадгүй. Ер нь үзэсгэлэн гаргасныхаа дараа өөртөө дүгнэж цэгнэх хугацаа өгдөг. Энэ байдлаараа үргэлжлүүлэх үү эсвэл юу шаардлагатай байгаа талаар хэсэг хугацаанд боддог гэсэн үг.
-Тэгвэл одоо та тийм байдалд байгаа байх нь?
-Тийм. Өмнө нь хийх гэж байснаа орхиж эсвэл арай өөрөөр харахыг хичээж байна.
-Та нам жим байдлыг эрхэмлэдэг шигээ шагнал урамшуулалд хүрэх гэж зүтгэдэггүй. Энэ таны баримталдаг зарчимтай холбоотой юу?
-Чаддаг зүйлээ сайн хийвэл ганцхан хүнд ч гэсэн үлгэр дуурайл болох юм болов уу гэж боддог. Би байгаа бүх оюун бодол, хүч чадлаа нэг зүйлд зориулж байгаа. Энэ л надад хангалттай.
-Уран бүтээлчийн шаналан бүтээлээр дамжин илэрдэг. Танд нөлөөлдөг хүчин зүйл байдаг уу?
-Энэ миний хувийн асуудал. Хийж байгаа уран бүтээлээ санаснаараа гаргаж чадахгүй бол зовлонтой. Үүнийг би залуу байхдаа их мэдэрч байсан юм шиг санагддаг. Яахаа ч мэдэхгүй өөрийгөө бүтээх гэж явахад ийм байдал үүсэхэд маш хэцүү. Ер нь уран бүтээлч байх амаргүй. Нэг насаараа нэг зүйлийн төлөө зүтгэх амар даваа биш. Мэдрэмжийг хэн нэгнээр заалгах боломжгүй тул бусдын ямар байгааг харж, харьцуулалт хийх ёстой болдог.
-Одоо цагт юунаас урам зориг авч байна вэ?
-Олон зүйлээс... Бид хоёрын яриа амжилттай болбол үүнээс ч урам зориг авна. Би цаг үеэ мэдэрсэн, оновчтой үгнээс урам зориг их авдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна