Бага парламент буюу Баянголын ИТХ


УИХ бол бага ард түмэн юм гэж тодорхойлох нь бий. Ард түмний дуу хоолой, тэдний хүсэл эрмэлзэл, үзэл бодол, байр суурийн илэрхийлэл, төлөөлөл болсон парламентыг ингэж хэлэхээс өөр аргагүй. Тэгвэл нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ-ууд бол бага парламент юм. Өөрөөр хэлбэл, бага ард түмэн л гэсэн үг. ИТХ-ын танхимд тухайн орон нутгийн тулгамдсан асуудал бүгд шийдэгддэг. Энэ бол албан ёсны нэршлээр Үндсэн хуульд томьёолсноор нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага юм.

Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй. Мөн улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах үүрэг хүлээдэг. 
ИТХ гэж ямар байгууллага вэ, ямар эрх үүрэгтэй вэ гэж асуувал ийм товч зүйлийг хэлж болно. Жаахан лавшруулаад хэлэх юм бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж Үндсэн хуульд заасан. Энэ нь ИТХ сум, дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана гэсэн үг юм. 

Аливаа орон нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал гэдэг нь маш өргөн ойлголт. Газрын маргаан үүний нэг жишээ. Иргэд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт нийтийн эзэмшлийн талбай дээр нь аль нэг барилгын компани хашаа хатгавал хамгийн түрүүнд Засаг дарга болон ИТХ-даа ханддаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд идэвх санаачилгатай ажилласан олон ИТХ газраа авч үлдээд, дээр нь цэцэрлэгт хүрээлэн, усан сан бариулсан бодит жишээ олон. Мөн ИТХ тухайн сум, дүүрэгт нь шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт суулгах гэх мэтээр дээд шатны байгууллагадаа уламжлан ажилладаг. 
Нийслэл бол засаг захиргааны онцгой нэгж. Тэрхүү засаг захиргааны нэгжийг бүрдүүлдэг нийслэлийн есөн дүүргийн нэг нь Баянгол дүүрэг. Түүх сөхвөл Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүн Сэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороодыг татан буулгаж, Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдал гэх дөрвөн районыг байгуулсан байдаг. Тухайн үед байгуулагдсан Октябрийн район бол эдүгээгийн Баянгол дүүргийн үндэс суурь байв. 

Анхны дөрвөн районтой болсноор нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж болох район түүний дотор Баянгол дүүргийн үүсэл, хөгжлийн түүх эхэлсэн билээ. Улмаар Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990 оны эхээр Улаанбаатар хотын дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ-ын 1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Улаанбаатар хотын район, хороог татан буулгах, шинээр байгуулах тухай “ 18 тоот тогтоол гарч Октябрийн районыг хоёр хуваан Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон шинээр зохион байгуулжээ.

Баянгол дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, “Өргөө” кино театр, “Улаанбаатар палас”, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвүүд байгаагаас гадна “Рамада” зочид буудал, “Макс” худалдааны төв, “Гурвалжин” зах зэрэг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. 

Хүн амын тоогоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдтэй өрсөлдөхгүй ч эдийн засгийн чадавх, идэвх, оролцоо, нийслэл хотын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтээрээ Баянгол дүүрэг яах аргагүй том засаг захиргааны нэгж.  

Баянгол дүүргийн ИТХ хуульд заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган ажиллаж, төрийн үйлчилгээг иргэн бүрд шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад анхааран ажиллаж байна. 

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогчдынхоо хүсэл тэмүүлэл, захиас даалгаврыг биелүүлэх, тэдний дуу хоолойг нь шийдвэр гаргах түвшинд хүргэж бодлого шийдвэрт тусгуулахын төлөө хичээн ажиллаж байгаа ажээ. Ингэхдээ иргэд, олон нийтэд нээлттэй, тэдэнд илүү ойр, эргэх холбоотой байхыг эрмэлздэг байна. ИТХ-ын гаргасан шийдвэр бүхэн иргэд, оршин суугчдын амьдралд нөлөөлж байдаг учир төлөөллийн ардчиллын энэхүү субьект өндөр үүрэг, хариуцлага үүрдэг.

Иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, шинэ санал, санаачилга гарган төлөөлөгчидтэйгөө хамтран хэрэгжүүлж байгааг тус дүүргийн ИТХ-ын дарга онцолж байна. Товчхондоо бол хүндээ чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж, хэд хэдэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа юм байна.

Шинэлэг ажлаас гэвэл Баянгол дүүргийн ИТХ-ийн эмэгтэй төлөөлөгчид нийлж “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгаа ажээ. Шинэлэг, мэдрэмжтэй, хүнд хүрсэн ажлууд уг зөвлөлийнхөн санаачлан хэрэгжүүлдэг. Жендэрийн мэдрэмжтэй шийдвэрүүд Баянголын ИТХ-аас гардаг нь үүнтэй холбоотой. Баянгол дүүргийн МАН-ын хороо 2020 оны орон нутгийн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдгээ жилийн дараа дүгнүүлнэ. Тус дүүргийн ИТХ-ын хувьд иргэдтэйгээ эргэх холбоотой, санал бодлыг нь сонсон, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг тул хөрсөндөө буусан ажлууд нь хүний сэтгэлд хүрдэг ажээ. Төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэхэд Баянголын бага парламент ийнхүү хувь нэмрээ оруулж байна.  

 Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
1
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22