Б.Сэмжидмаа: Би “Хөгжлийн төвд хүн” гэсэн зарчмыг баримталдаг


Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Сэмжидмаатай ярилцлаа. 

-Та Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү үүрэг хариуцлагыг гүйцэтгэхдээ ямар бодлого, зарчим баримтлан ажиллаж байна вэ? 
-Би 2020 оны арваннэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Ард түмнээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч бол тэдний хүсэл тэмүүлэл, захиас даалгаврыг биелүүлэх, дуу хоолойг нь шийдвэр гаргах түвшинд хүргэж бодлого шийдвэрт тусгуулахын төлөө ажилладаг байх ёстой. Энэ ч утгаараа би иргэдтэйгээ илүү ойр, нээлттэй байж,  “Хөгжлийн төвд хүн” гэсэн зарчмыг баримталдаг. 

Мөн өөрийн болон дээд шатны байгууллагуудын гаргасан бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг иргэнд хүргэх, гүүр байх үүргээ биелүүлэхийг хичээн ажиллаж байна. Ялангуяа дүүргийнхээ иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаардаг. Түүнчлэн хамгийн чухал, нэгдүгээрт эрэмбэлэгддэг боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, шинэ санал санаачилга гарган төлөөлөгчидтэйгөө хамтран хэрэгжүүлж байна.  

-Тухайлбал, та бүхэн онцлог, томоохон ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?  
-Ажлаа хүлээж аваад дүүргийнхээ салбар бүрийн статистик тоон мэдээлэлтэй танилцаж, улмаар хүн рүү чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 эмэгтэй төлөөлөгчтэй. 

Тэд нартайгаа хамтарч, дүүргийнхээ ИТХ-ын дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулсан. Энэхүү зөвлөлийнхөн маань гэр бүлийн номын сан, сэтгэл зүйчтэй байх, эрчүүдийн кабинет, байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах санаачилга гаргаж,  шаардлагатай хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгуулж, шийдвэрлүүлэн хэрэгжүүлж байна. Үүнээс гадна орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх ёстой төлөвлөгөөт ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгээд дуусаж байна. Ер нь Засгийн газар, нийслэл, дүүрэг гээд шат шатандаа хэрэгжүүлэх ёстой мөрийн хөтөлбөр гэж бий.

Баянгол дүүргийн МАН-ын хороо 2020 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн итгэлийг хүлээж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болсон. Мөрийн хөтөлбөр бол иргэдийнхээ амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах бидний төлөвлөгөө шүү дээ. Тиймээс өөрсдийн төлөвлөгөөний дагуу иргэдийнхээ төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, бид бүгд “Хөгжлийн төвд хүн” гэсэн зарчмаар ажиллах учиртай. 


-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа хэр зэрэг хангав.  Хүртээмжийг нэмэгдүүлэх тухайд ямар шийдэл байна вэ?  
-Дүүргийнхээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцтай танилцсан. Дүүргийн хэмжээнд ганц нэг сургууль, цэцэрлэг өвөлжилтийн бэлтгэлээ базааж арай дуусаагүй, зарим нэг тоног төхөөрөмж хүлээгдэж буй гэх мэт асуудал байна. Гурван ээлжээр хичээллэх магадлалтай сургуулийн асуудлыг Боловсролын ерөнхий газраас шийдэл гаргаж, зохицуулж байна. Эдгээрээс өөр тулгамдсан асуудал одоогоор алга. Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг цахимжуулсан нь боловсролын салбарынхан төдийгүй иргэдийн цагийг хэмнэж, ачааллыг бууруулахаас гадна танил талаа ашигладаг шударга бус байдлыг таслан зогсоосон зэрэг олон үр дүн гарч байна.


-Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт илүү анхаардаг. Та ч гэсэн эдгээр салбарт нэлээд анхаарал хандуулж ажилладаг юм билээ. Тухайн салбарт ямар ахиц дэвшил гарч байна вэ? 
-Иргэдийн итгэлийг хүлээж, ямар нэгэн байгууллагын аль ч шатанд удирдах албан тушаал хашиж буй хүний нэг үүрэг бол асуудлын гарц шийдлийг олох, улмаар шийдвэрлэх юм. Төсөв мөнгө, хүн хүч, тоног төхөөрөмж байхгүй гэх мэт шалтаг шалтгаан тоочиж, тухайн асуудлаас зугтах бус хуулийн хүрээнд шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх ёстой. 

Энэ зарчмын дагуу бид олон улсын болон төрийн бус байгууллага, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг компани, аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллан олон зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх ёстой анхан шатны буюу өрхийн эмнэлэгт нярайн шарлагын аппарат, лабораторийн болон зөөврийн багаж тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэж өгсөн. 


-Боловсролын салбарт хэрэг­жүүлсэн шинэлэг санал санаачилга юу байна вэ?
-Япон Улсад айлчлал хийх үеэрээ бүх спортын суурь гэгдэх тийбол спорттой танилцаж, үүнийг 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэгт нэвтрүүлсэн. Японы Тийболын холбооноос төлөөлөл ирж, багш нарыг маань бэлтгэж зэрэг олгосон. Тухайн багш нар сургууль дээрээ дугуйлан хичээллүүлж, өнгөрсөн хавар дүүргийнхээ аваргыг шалгаруулсан. 

Ингээд Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улсын шигшээ багийнхан маань түрүүлж, манай дүүргийн баг тамирчид гуравдугаар байр эзэлж, 2027 онд болох Азийн тийболын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Энэхүү спортыг Хятад, Солонгос, Америк зэрэг улс орон боловсролынхоо стандартад оруулж, судалдаг юм билээ. Гэр бүлээрээ хичээллэх боломжтой тийбол спорт хүүхдийг багаар ажиллах чадвар, мэндлэх хүндлэх ёсонд сургадаг, хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг, баруун тархи хөгжүүлдэг гэх мэт олон давуу талтай. Хамгийн гол нь хүүхдэд ямар ч аюул эрсдэл учруулахгүй. Тиймээс би дүүргийнхээ боловсролын байгууллагуудад нэвтрүүлсэн. 
Ер нь багш нарыг туршлага хуримтлуулж, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь аль болох  боломжоороо дэмжихийг хичээдэг. Тиймээс төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүйгээр өөрийн боломж нөөцөнд тулгуурлан, найз нөхдийнхөө дэмжлэг тусламжтайгаар “Багшийн хөгжлийг дэмжих миний хувь нэмэр” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийнхөө хүрээнд 35 багшийг Солонгос, Япон руу явуулж, тухайн улсын боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлуулсан. Хөтөлбөрт хамрагдаад ирсэн багш нарт “Сурсан мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцаж, үлгэр жишээ болж манлайлж ажиллах ёстой шүү” гэдэг ганцхан шаардлага тавьдаг. 


-Ямар шаардлага шалгуураар тухайн багш нарыг сонгож, хөтөлбөртөө хамруулсан бэ? 

-Энэхүү төсөл маань багш нарын дунд их хүлээлт үүсгэдэг болсон. Эссэ бичих, илтгэл тавих гэсэн хоёр үе шатаар сонгон шалгаруулдаг. Жилд 800-900 орчим багш оролцдог. Багш нар маань эссээгээ ажлынхаа хажуугаар бичих учраас тэдэнд бодох, төлөвлөх, боловсруулах гээд хангалттай хугацаа өгдөг. Ерөнхийдөө хөтөлбөрөө зургаан сарын хугацаатай зохион байгуулдаг. 

Эхний жил буюу 2021-2022 онд “Баянгол дүүргийн хөгжилд багш миний оруулах хувь нэмэр”, дараа нь 2022-2023 онд “Багшийн амьдрал ба хөгжил” гэсэн сэдвээр эссэ бичиж, илтгэл тавьсан. Багш нарын амьдрал ямар түвшинд байна вэ, ажлын байран дээрээ хөгжиж, дэвжиж чадаж байна уу, тэдэнд ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг өөрсдөөс нь сонсохыг хүсэж, энэ сэдвийг сонгосон. Хариулт нь саяхан Засгийн газраас гаргасан шийдвэрүүд байсан.


-Таныг багш мэргэжилтэй болохоор Засгийн газраас гаргасан шийдвэрт ямар байр суурьтай байгааг сонирхмоор санагдлаа?  
-Монгол Улсын хөгжил дэвшил боловсролын байгууллагын чанар, багшийн мэдлэг чадвараас эхэлнэ. Тиймээс Засгийн газраас багш мэргэжил эзэмших оюутан болон багш нар дотооддоо магистрт суралцахаар бол төлбөрийг нь төр хариуцах зэрэг боловсролын салбартай холбоотой гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж, дэмжиж байгаа. Гэхдээ бид бодит үнэнтэй нүүр тулж, зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. 

 Бидний аав, ээжийн үед ангийн онц сурлагатан, конкурсийн шалгалтад өндөр оноо авсан сурагч хамгийн түрүүнд багш, эмч мэргэжил сонгодог байсан. Одоо бол зарим эцэг, эх хүссэн сургуульдаа тэнцэж чадаагүй хүүхдээ дипломтой болгохын тулд багш мэргэжлээр сургаж байна. Тиймээс багш бэлтгэж буй их, дээд сургуулиудын чанарт анхаарч, шалгалтынх нь босго оноог нэмэх зэргээр шалгуурыг нь өндөрсгөх нь зүйтэй. Ингэснээр багш мэргэжлийн үнэ цэн өсөж, үүнийг дагаад цалин хангамж нь сайжирч, нийгмийн асуудал нь давхар шийдэгдэнэ. 

Багшийн цалинг шууд нэмэхээс илүүтэй үндэс сууриар нь өөрчлөлт шинэчлэлт хийж байж тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдэх боломж бүрдэнэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Зарим нэг хариуцлагагүй хүний үйлдлээс болж бүх багшийг хавтгайруулж, харлуулж болохгүй шүү дээ. 


-Сүүлийн үед үер усны улмаас зарим дүүрэг багагүй хохирол амсаж байна. Та дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг хариуцдаг хүний хувьд бэлэн байдал, нөөц боломжийг хэр зэрэг хангаж, чадсан бэ?
-Гамшиг болсны дараа одоо яах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэж ярих бус гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах нь хамгийн чухал. Гамшиг, аюул ослын үед тэргүүн эгнээнд ажилладаг алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг сүүлд гарсан үерийн гамшиг харуулсан. 

Тиймээс бид мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаанд үндэслэж, хамгийн өндөр хүчин чадалтай ус соруулах тоног төхөөрөмжийг худалдан авч, дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгсөн. Тухайн хэлтсийнхэн маань “Орон сууцны хонгилын ус соруулахад 7-8 цаг зарцуулдаг бол ийм төхөөрөмжтэй болсноор бидний ажлыг 80-90 хувь хөнгөвчиллөө” гээд сэтгэл өндөр байсан. 

Манай дүүрэг стандарт төлөвлөлт сайтай. Мөн газарзүйн байршлын хувьд давуу талтай тул үер усны гамшиг харьцангуй гайгүй байдаг. Гэхдээ байгалийн гамшиг хэлж биш хийсэж ирдэг учраас үргэлж урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангаж ажиллах ёстой. Дүүрэг ерөнхий стандарт төлөвлөлт сайтай хэдий ч сүүлийн үед бүтээн байгуулалт нэрийн дор барилга орон сууц, хашаа байшин зэргийг нэлээд замбараагүй барьж байна. Тиймээс энэ сард хот төлөвлөлтийн инженер, эрдэмтэн судлаач зэрэг мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санал солилцохоор төлөвлөсөн. 


-Засгийн газраас бүх шатандаа хэмнэх бодлого барьж байгаа. Та бүхэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж чадаж байгаа юу? 
-Дүүргийн ИТХ өнгөрсөн онд 2022  онд орон нутгийн төсвөөс  2,923,103.3 мянган төгрөгийн төсвийг авч 2,796,272.0 мянган төгрөгийг зарцуулж  127,233.7 мянган төгрөгийг Төрийн хэмнэлтийн хуулиар хэмнэж орон нутгийн төсөвт буцааж төвлөрүүлсэн.

 Мөн 2023  оны эхний хагас жилийн байдлаар 1,549,539.4 мянган төгрөгийн төсвийг орон нутгийн төсвөөс авч төрийн хэмнэлтийн хуулиар  244,962.3 мянган төгрөгийн хэмнэлтэй ажиллаж байна. Хэмнэсэн төсөв мөнгөө түр хамгаалах байр, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зэргээр олон зүйлд зарцуулсан. 

Энэ жилийн хувьд цалин, томилолт зэргээс өгсүүлээд наад захын тог цахилгааны хэрэглээнд хүртэл хэмнэлт гаргаж байна. Иргэдийн төлөөлөгчид тойрогт ажиллах зардал гэж батлуулж авдаг. Тэгвэл манай дүүргийн нэг ч төлөөлөгч ийм зардал батлуулж аваагүй. Энэ бол бодит хэмнэлт.

 
-Танай дүүргийн хувьд удирдлага тогтворгүй, зөрчил маргаантай асуудал үүсээд байгаа. Үүнээс үүдэн төрийн ажил цалгардах вий гэсэн болгоомжлол байна? 
-Төрийн байгууллагын үйл ажиллагаа холбогдох дүрэм журамдаа нийцэж, захирагдаж байх ёстой. Ямар ч албан тушаалтан хариуцлага алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээх чадвартай байх ёстой. Дүүргийн Засаг даргын асуудал хуулийн дагуу удахгүй шийдэгдэх байх. Хэн нэгэн даргаас болж төрийн ажил гацаж, цалгардах учиргүй. Тиймээс бидний ажил хууль дүрмийнхээ дагуу тасралтгүй үргэлжилж байна. 


-Таны ажил, амьдрал Баянгол дүүрэгтэй салшгүй холбоотой учраас дүүргийнхээ жаргал, зовлонг хамгийн сайн мэдэж байгаа болов уу.  Ер нь цаашид дүүргээ илүү хөгжүүлж, жишиг болохуйц хэмжээнд хүргэхэд бодлогын түвшинд ямар шийдэл хэрэгтэй гэж харж байна вэ?
-Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг бол бие даасан шийдвэр гаргадаг ч түүнийгээ дээд шатны байгууллагуудаас гаргасан бодлого шийдвэртэй уялдуулж, нийцүүлэх ёстой. Миний хувьд УИХ, нийслэл, дүүрэг гээд бүх шатандаа хоёрхон зүйлд л онцгойлон анхаарч ажиллаасай гэж хүсдэг.

 Нэгдүгээрт, иргэдийн итгэлийг  хүлээж сонгогдсон л бол байнга эргэх холбоотой ажилладаг байх. Хоёрдугаарт, хуулиар олгогдсон үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэдэг байх.   УИХ-ын болон Засгийн газрын гишүүн ямар чиг үүрэгтэй байдаг, нийслэл, дүүрэг нь хэрхэн яаж ажиллах ёстой вэ. Иргэн гэрийнхээ босгыг даваад л нийгмийн харилцаанд оролцож, олон саад бэрхшээлтэй нүүр тулдаг.  Тэгвэл  дүүргийн төлөөлөгчид бид тухайн иргэнд ямар асуудал тулгарч байна вэ, түүнийг аль шатанд хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийг хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлж, дээд шатны байгууллагадаа уламжлах үүрэгтэй. 

Шийдвэр гаргах түвшний бид бүхэн чиг үүргийнхээ хүрээнд зөв зохион байгуулалттай, нээлттэй ажиллаж чадвал иргэд ч гэсэн ямар асуудлаар хаана хандаж, шийдвэрлүүлэх ёстойгоо мэддэг, ялгаж салгадаг болно. Иргэдтэйгээ эргэх холбоотой хөрсөн дээр бууж ажилладаг зарчмыг хэвшүүлэхийн төлөө МАН-ынхан манлайлж ажиллаж байна.


-Та болон танай төлөөлөгчид иргэдтэйгээ ойрхон ажиллах үүргээ хэр зэрэг гүйцэтгэж байна вэ?
-Манай иргэд энэ асуултад хариулах нь илүү зохимжтой болов уу. Бид иргэдтэйгээ эргэх холбоотой, илүү ойр ажиллах жанжин шугам баримтладаг. 

Би “Алхангаа ярилцъя” гэдэг санаачилга гарган хэрэгжүүлж байна. Миний ажлын чиг үүрэг, хуваарийн дагуу иргэдтэй уулзах өдөр, цаг гэж бий. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлах бус боломж л гарвал тэдний санал хүсэлт, шүүмжийг биечлэн болон цахимаар авахыг зорьдог. Иргэн хуулиас давсан зүйл хүсвэл боломжгүй гэдгийг хэлдэг, шат шатанд нь уламжилдаг байх хэрэгтэй. Ажил, албан тушаал, эрх мэдэлд хүрэх тусам эргэж хөрсөндөө бууж, иргэдтэйгээ илүү ойр, нээлттэй ажиллах нь хамгийн чухал гэдгийг дахин тодотгон хэлье.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
2
care
0
haha
9
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22