Тийболын спортод Баянгол дүүрэг түүчээлж байна
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар хүүхдийн хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх тийболын спортыг Баянгол дүүрэгт хөгжүүлэх ажлыг Японы Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул, Азийн бэйсболын холбооны дэд ерөнхийлөгч Каваүчи Широгийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна. Талууд 2023 оны гуравдугаар сарын 9-нд уулзаж, тийболын спортыг Монголд хөгжүүлэх талаар ярилцсан бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулаад байна.
2023 оны дөрөвдүгээр сар: Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэгийн багшийг 2023 оны дөрөвдүгээр сард сургалтад хамруулан III зэргийн үнэмлэх, сертификат гардууллаа. Ингэснээр багш нар сургууль, цэцэрлэгээсээ тийболын спортын баг бүрдүүлж, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, цаашлаад Япон улсад болох тийболын спортын тэмцээнд өрсөлдөх, шүүгчээр оролцох боломж бүрдэж буй.
2023 оны тавдугаар сарын 5: Баянгол дүүргийн ИТХ, Япон улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Монголд тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын сэт хэрэглэлийг гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэг хамрагдсан юм.
2023 оны тавдугаар сарын 28: Тийболын спортын Баянгол дүүргийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулав. Баянгол дүүргийн тийболын аваргаар Х.Хишигбадрах багштай “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль тодрон “Алтан цом”-ын эзэн болж, дэд байрт Ч.Одпүрэв багштай “Шинэ эрин” сургууль, III байрт Б.Балжинням багштай “Монгени” цогцолбор сургууль шалгарав.
2023 оны зургадугаар сар: Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн болж, нийт 21 баг оролцсоноос Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль 9-10 насны ангилалд түрүүлж, Улсын хошой аварга боллоо. Мөн 13-14 насны ангилалд III, “Монгени” цогцолбор сургууль 11-12 насны ангилалд II, 13 дугаар сургууль 9-10 насны ангилалд III, 47 дугаар сургууль 9-10 насны ангилалд II байр тус тус эзэлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцов.
2023 оны долдугаар сар: Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас шилдэг 13 хүүхдийг шигшээ багт сонгон авч, шилдэг 10 багшийг дасгалжуулагчаар сонгон нэг сар бэлтгэл хийж, Япон улсыг зорилоо. Япон-Монгол хоёр орны анхдугаар фестиваль тэмцээнд Монгол улсын шигшээ нэгдүгээр баг түрүүлж, “Алтан цом” гардан, Баянгол дүүргийн шигшээ баг III байр эзэлж шинэ түүхийн эзэд болов.
Япон улсыг зорьсон Монголын баг хамт олон 2024 оноос эхлэн жил бүр Азийн Тийболын холбооноос зохион байгуулах Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын хоёр багийг оролцуулах, 2025 онд БНСУ, 2026 онд БНХАУ, 2027 онд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх өвөртөлж ирсэн юм. Түүнчлэн Бүх Японы аварга шалгаруулах бэйсболын тэмцээний 13-14 насны ангилалд оролцох урилгаар шагнуулав.
Цагт 300 тн ус соруулах хүчин чадалтай хоёр помп хүлээлгэж өглөө
Үер ус гал түймэр, гамшиг осол гээд бүхий л зүйлийн түрүүнд нойртой нойргүй цаг наргүй зүтгэдэг хүмүүсийн нэг бол Онцгой байдлын албан хаагчид билээ. Тиймээс онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл, бололцоог хангаж сайжруулж өгөх нь чухал юм. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс өмнө нь нэг цагт 20 тонн ус соруулах хүчин чадал бүхий мотопомп ашигладаг байсан. Гэтэл өнгөрсөн долоо, наймдугаар сард орсон хүчтэй борооны улмаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэд, аж ахуйн нэгжээс 30 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Онцгой байдлын албан хаагчид техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал бага, хүрэлцээ дутмаг зэрэг шалтгааны улмаас зөвхөн найман дуудлага дээр л ажилласан байдаг. Тиймээс өндөр хүчин чадалтай буюу нэг цагт 300 метр куб урсгалтай, 300 тонн ус соруулах хүчин чадал бүхий, тээврийн хэрэгслээр чирэгч хоёр ширхэг мотопомпийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Баянгол дүүргийн ИТХ-аас дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө. Ингэснээр онцгой байдлын албан хаагчид богино хугацаанд үерийн аюулаас сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах, бүтээмж нэмэгдэх, түргэн шуурхай ажиллаж, дараа дараагийн олон дуудлага мэдээлэлд хүрэх боломж бүрдэж байгаа юм.
“Аз жаргалын ногоон төгөл”-өөс эхэлсэн санаачилга “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтаар үргэлжилж байна
Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх,тохижуулах ажлыг эхлүүлсэн билээ. Иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай орчныг бүрдүүлэхэд ногоон байгууламж хамгийн чухал.
Тиймээс бүтээн байгуулалтын ажлын эхлэл нь манай орны уур амьсгалд хамгийн тохиромжтой шинэс, гацуур, хус, нарс зэрэг 200 гаруй модыг 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр тарих үйл ажиллагаа байлаа. Үүнээс өмнө Баянгол дүүргийн ИТХ Баянгол цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын ногоон төгөл” байгуулах санаачилга өрнүүлж, 2021, 2022 онд таван га талбайд 2000 мод тарьсан билээ.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд мөн “Дезерет” Олон улсын хүмүүнлэгийн байгууллага цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг тохижуулж 2023 оны наймдугаар сарын 15-нд ИТХ-д хүлээлгэн өглөө. Тус байгууллагын хамт олон сандал, савлуур байрлуулж, хүүхдүүд тоглох гулгуур, модон зам, хашаа хашлага хийж, мод тарин, шинэлэг хэлбэр хийцтэйгээр цэцэгс суулгаж, иргэд тухлах орчныг хамгийн сайхнаар бүрдүүлжээ.
Тохижилтыг хүлээлгэж өгөх үеэр иргэд ирж, ийм сайхан ажил хийж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Цаашид хүүхэд багачуудад зориулсан тоглоомын талбай, өсвөр насныханд зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбай, “Open mic” зэрэг олон тохижилтыг хийх юм.
Иргэдэд мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгөх өрөөтэй боллоо
Хүнд сэтгэл санааны дэмжлэг ус, агаар шиг хэрэгтэй. Харамсалтай нь өөрт тохиолдож буй стресс, дарамт, сэтгэл гутрал гэх мэт сөрөг мэдрэмжүүдээ зөвөөр даван туулж чадахгүйгээс шалтгаалан энэ нь эмгэг болдог байна. Тэгвэл нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Эцэг эхийн зөвлөл дүүргийн иргэддээ зориулан зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Сэтгэл зүйн өрөө”-г ажиллуулж эхэллээ.
Иргэд “Баянгол-Нэг гэр бүл” пэйж рүү хандан цаг авч үйлчлүүлэх боломжтой. Сэтгэл зүйн өрөөний нээлтийн арга хэмжээнд зочноор Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх, “Focus on the Family Mongolia” ТББ-ын клиник сэтгэл зүйч, доктор Т.Хонгорзул, сэтгэл зүйч Н.Рэнжмаа, БГД-ийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл оролцож, Монголын нийгэмд сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх өндөр хэрэгцээ байгаа талаар ярилцаж, цаашид дүүргийн иргэдийн төлөө олон ажлыг хэрэгжүүлэхээр болов.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулахад Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Мягмарсүрэн, Г.Өсөхбаяр, Н.Энхчимэг, Д.Оюундэлгэр, Ү.Батбаяр, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Христийн сүмийн ХАБ, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон дэмжлэг үзүүлсэн юм.
Өрхийн эрүүл мэндийн 20 төвд тоног төхөөрөмж гардууллаа
Эмнэлгийн байгууллагуудад тулгамддаг асуудлын нэг нь оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж хүрэлцээгүй, дутагдалтай байгаа асуудал. Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ, ХБНГУ-ын Бранденбург мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн байгууллагуудад дутагдалтай тоног төхөөрөмжийн судалгааг авч, эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг тусламжаар олгож байгаа билээ.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 20 төвд 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр 14 нэр төрлийн 60 ширхэг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг гардууллаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсноор иргэд эмнэлгийн үйлчилгээг нэг дор түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.
“Хүүхэд хамгаалах байр”-тай болов
Баянгол дүүрэг анх удаа хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх “Түр хамгаалах байр”-тай боллоо. Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар уг төслийг эхлүүлсэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 3/02 тоот тогтоолоор дүүрэгтээ анх удаа олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нээсэн юм.
“Түр хамгаалах байр” нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал, эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой.
“Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдаан” хоёр дахь жилдээ
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар “JUMP” солонгос хэлний сургалтын төв, БНСУ-ын ХАНБАД их сургууль хамтран “Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдаан”-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Боловсролын салбарыг дэмжих, “Боловсролын жишиг дүүрэг” болох зорилтын хүрээнд зарласан энэхүү уралдааны эхний жилд дүүргийн ЕБС, цэцэрлэгийн 200 гаруй багш оролцсоноос II шатанд 80 нь илтгэлээ хэлэлцүүлж, шилдгээр шалгарсан 10 багш БНСУ-д туршлага судлах аялалд оролцсон юм. Хоёр дахь жилийн тэтгэлэгт уралдаанд мөн дүүргийн 200 гаруй багш бүтээлээ ирүүлж, II шатанд 30 багш шалгарсан. Илтгэлийн уралдаан 2023 оны гуравдугаар сарын 17-нд ажил хэрэгч, өрсөлдөөнтэй, шинэ санал, санаачилга дүүрэн болж өрнөсөн бөгөөд 15 багш шилдгээр шалгарч, БНСУ-д туршлага судлах аялалдаа хамрагдаад байна.
70 дугаар сургуульд хэл заслын жишиг танхим байгууллаа
Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас санаачлан, тусгай хэрэгцээт 70 дугаар сургуульд 22 сая төгрөгийн өртөг бүхий “Хамтдаа ярьцгаая” хэл заслын жишиг танхим /2022.03.24/ байгууллаа. Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 10 мянга гаруй хүүхэд байдаг. Энэ нь бага тоо биш.
Тэдгээр хүүхдийн хувьд сурч боловсорно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Улсын хэмжээнд тусгай сургалттай зургаан сургууль байдгийн нэг нь манай дүүрэгт байрлаж буй 70 дугаар сургууль. Тус сургуулийн 1-5 дугаар ангийн 165 сурагч зориулалтын анги танхим хүрэлцээгүйн улмаас хэл заслын хичээл хоцрогдолтой байсан асуудлыг өнөөдөр шийдэж байна” хэмээн онцолсон юм. Тусгай хэрэгцээт 70 дугаар сургуульд 650 гаруй хүүхэд суралцаж байна.
Эмэгтэйчүүдийн зөвлөл дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө нэгдэв
Баянгол дүүргийн ИТХ-ын 2022 оны зургадугаар сарын 27-ны өдрийн II хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулсан. Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийг ажил орлоготой, боловсролтой байх, төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх хүүхдүүдэд ойртуулахад чиглэж ажиллалаа.
Мөн гэр бүлийн номын сан бий болгох, сэтгэл зүйчтэй байх, эрчүүдийн кабинет, байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах санаачилга гаргаж, шаардлагатай хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгуулж, шийдвэрлүүлэн хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах, барьцаагүй, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг дэмжлэг чухал байгаа юм. Эмэгтэйчүүдийн зөвлөл дүүргийнхээ эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэнэ.
Ажил хэрэгч, санал санаачилгаар дүүрэн “Өглөөний уулзалт”
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа дүүргийнхээ харьяа газар, хэлтсийн албан хаагчидтай уулзаж, мэдээлэл солилцон, тулгамдсан асуудлыг нь сонсох “Өглөөний уулзалт”-ыг зохион байгуулдаг болсон билээ. Энэ хүрээнд 2023 оны 02-05 дугаар сар хүртэлх хугацаанд “Эх-Амгалан” өрхийн эмнэлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Гэр бүл ёслолын ордон, Биеийн тамир, спортын хороо, Усан спорт сургалтын төвийн албан хаагчидтай уулзлаа.
Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд сэтгэл зүтгэлээ зориулан тууштай ажиллаж буй төрийн албан хаагчдаа ИТХ-ын зүгээс хуулийн хүрээнд, боломжит хэлбэрээр дэмжихэд “Өглөөний уулзалт-ын үеэр өрнөсөн хэлэлцүүлэг, санал санаачилга чухал юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна