​ Намрын улс төр нүүрсний хэрүүл, намын толхилцооноор нээлтээ хийв



- 777 жилийн өмнө урьсан зочин Монголд хөл тавилаа -

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдийн инээд хөөр цалгисан есдүгээр сар үүдээ нээлээ. Тэгвэл Төрийн ордон ч бас хичээлийн “шинэ жил”-дээ бэлтгээд эхэлжээ. Ирэх сарын нэгэнд намрын чуулган нээлтээ хийнэ. Энэ намрын ээлжит чуулганаар  нийт 62 хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байгаагаа УИХ-ын Тамгын газраас мэдээллэв. Эрхэм гишүүд энэ удаагийн чуулганаар дохионы хэлний тухай хуулиас эхлээд донор шилжүүлэх, эм тарианы хэрэглээнээс өгсүүлээд энхийг сахиулах ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцэх юм байна. Хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцээд намрын улс төр нүүрсний хэрүүл, намуудын толхилцооноор эхэлж байна. Тэр бүр олны өмнө гарч ирээд байдаггүй Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт “Нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн прокурорын газраас “нүүрсний” хэрэгт нийт 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт бичиж гадаадаас баригдаж ирсэн анхны “шувуу” Т.Бадамжунайгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санхүүжилтээр Балгасын тал дахь Гол мод хэмээх газарт Хүннүгийн хаад язгууртны булшийн малтлага хийсэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар, түүний хүү М.Адъяанямтай холбоотой ноцтой мэдээллийг Нийслэлийн прокурор дэлгэлээ. Археологич Д.Эрдэнэбаатар малтлага хийхдээ Хүннүгийн их хааны хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл, эдлэл, эртний Ромын шилэн аяга, Хятадын Хан улсын үеийн хаш чулуун толь зэрэг хосгүй үнэт эдлэл олсон гэдэг. Гэвч нэн ховор олдворыг хятад иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдах гэж байгаад баригдан, шалгагдаж байгаа юм байна. Үүнээс гадна “Нүүрсний” сонсгол зохион байгуулах түр хороо хуралдаж  даргаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилов. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшиллоо. Ийнхүү нэг хэсэг мартагдах шахаад  байсан “Нүүрсний” гэх тодотголтой хэрэг хүчээ аван, олны анхаарлын төвд орж ирлээ. 
Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал зүй ёсоор нэрлэгдэж байна. Сүүлийн таван жил тамга тэмдгийн хэрүүлтэй, гурван даргатай болж, эв зүйгээ олж чадахгүй байсан АН-ынхан хурлаа хэрүүл зодоонтой эхлүүлсэн ч нэг тэргүүн дэд дарга, 15 дэд даргатай болов. Тус намын дарга Лу.Гантөмөр шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг толхилцож буй  фракцуудынхаа эв нэгдлийг хангахын тулд ийм шийдвэр гаргасан бололтой. Гэхдээ АН-ын олон дэд даргыг нийгэм төдийлөн таатай хүлээж авсангүй. АН-ын лидерүүдийн нэг гэж үнэлэгдэж явсан Иргэний оролцооны намын дарга Ц.Оюунгэрэл хүртэл “Нэгмөсөн 126 дэд дарга томилох ёстой байсан юм” хэмээн сошиал орчинд даажигнаж сууна. 
Өнгөрөгч долоо хоногт Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар анх удаа нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зам, түүний стандартыг сайжруулахад анхаарал тавьж байгаа юм. Газрын талаарх эрх зүйн шинэчлэл хийх хүртэл Улаанбаатар хотод газар олгохыг хориглосон шийдвэр Засгийн газраас гарсан. Гэхдээ газрын наймаачдын гарыг гавлаж, хөлийг туших энэ шийдвэр хууль журмын дагуу газар авах хүсэлтэй иргэдийг чирэгдүүлж магадгүй гэдгийг хуралдааны үеэр  Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан анхааруулж байлаа. Одоогоос найман сарын өмнө Монголд албан ёсны айлчлал хийхээ мэдэгдсэн Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Хөшигийн хөндийд хөл тавилаа. Дэлхий дээр 1.3 тэрбум гаруй шүтэн бишрэгчтэй Ромын Пап ламыг дагалдан олон улсад нэр хүндтэй 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 150 гаруй сэтгүүлч ирж байгаа бөгөөд түүний номлолыг сонсох гэсэн жуулчдын захиалгад Улаанбаатар хотын зочид буудал, ресторанууд дарагдаад байна. Чингис хааны ач, Өгөдэй хааны ууган хүү, Гүюг хаан 1246 онд Европ руу захидал илгээж, Пап ламыг Монголд ирж уулзахыг шаардсан хатуухан үгтэй захидал илгээж байсан түүхтэй. Их хааны 777 жилийн өмнө урьсан зочин ийнхүү Монголд хөл тавив. Сонирхуулахад, Монголын эзэнт гүрний хасбуу тамга дарсан энэ захидал эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж байдаг юм байна.
Сүүлийн үед харьцангуй тайван байсан сошиал орчинд “Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр Овоотын отрядын хамгаалдаг зурвас газраас 15 м.кв талбай бүхий газар нутгийг Хятадад шилжүүлэхээр болж байна” гэсэн цуурхал тарж, зарим нь бүр зэвсэг барин тэмцэхийг уриалж баахан хэл ам татлав. Гэвч энэ мэдээлэлд  Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн няцаалт хийж, “Цагдаа, тагнуулын байгууллагууд олон нийтийн сүлжээнд уг мэдээллийг гаргасан хүнийг илрүүлж, саатуулсан. Одоо байцаалт авч байгаа” гэлээ. Долоо хоногт бүрийн лхагва гарагт хуралддаг Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцжээ. Энэ хуралдаанаас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгасан байна. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилан луйврын тоо нэмэгдэж, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт өсөж байгаа учраас Засгийн газар мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар болсон байна.Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зарлав.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22