“Монгол бахархал”-ыг өрдсөн Морин хуурын чуулга


Найман зууны тэртээ морин туурайгаар дэлхийг тамгалсан монголчууд өдгөө морин хуураараа хүн төрөлхтнийг уярааж байна. Морин хуур бол монголчуудын сэтгэл санааг илэрхийлдэг хөгжмийн зэмсэг. Үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх, монголчуудын өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад арвин хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын элч Морин хуурын чуулгын хамт олонд Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээлээ. Монголоороо овоглодог уран бүтээлчдийн магнай тэнийн баярласан үйл явдал Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болж, удирдаач Д.Түвшинсайханд тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан юм. Тэрбээр “Монголчууд бахархлаа бодит байлгах, монгол хүн гэх омогшлоо үнэн байлгахын тулд холын холд зорьж бүтээсэн зүйл бол Морин хуурын чуулга. Морин хуур хөгжим бол манай ард түмний бэлгэдэл. Энэ шагналыг авсан нь бид боловч монголчуудын оюун санааны ололтод хүндэтгэл үзүүллээ гэж ойлгож байна. Тиймээс үеийн үед өвөг дээдсийн бүтээсэн үндэсний ололтуудыг байнга дархалдаг байгаасай. Монголын бүх өв тээгчдэд, ирээдүйд өв тээх залуустаа сайн сайхныг хүсье. 

Ирэх онд манай чуулга гадаадад 11 аялан тоглолттой. Их хуурч Г.Жамъян, түүний шавь миний багш Ц.Батчулуун, монгол түмний хайртай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэсэн гурван эрхэм Морин хуурын чуулгыг байгуулахад бие, сэтгэл оролцсон. Манай  чуулга одоо морин хуурын найрал хөгжим болох алхмаа тавьж байна. Морин хуур  шинэ цагт Монголыг дэлхий дахинаа сурталчлах зэмсэг байх болов уу” гэсэн юм. Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд, Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг уламжлалтай. "Чингис хаан" одонг 2019 онд анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргаж “The Hu” хамтлагт олгож байв. Морин хуурын чуулга нь "Чингис хаан" одонтой хоёр дахь байгууллага болж байна.

Н.Жанцанноров: энэ бол морин хууртай хүн бүрийн баярын өдөр

Зах зээлийн шилжилтийн үед түүх, соёлын олон үнэт өв цагийн эрхээр  бүдгэрч, гээгдсэн. Тэр дундаас морин хуурыг тусгай дэг сургууль, оркестрын бүтэц болгон авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан  хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Батчулуун  билээ. Баяр, бахдалт энэ өдөр уран бүтээлчдэд “Ц.Батчулуун багш байсан бол” гэсэн гэгээн гуниг төрсөн биз ээ.  Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр Ардын жүжигчин цолоо аваад Төрийн ордноос гарч ирэхэд хамт олон нь  хуурын эгшгээр угтаж байв. Цэцэг тэврэн гарч ирсэн маэстро чуулгаа удирдаж, монгол түмний бахархлыг төрүүлсэн юм. Ийн угтаж, баяр хүргэнэ гэж санаагүй багш “Миний шавь нар ямар ухаантай юм бэ” хэмээсэн гэдэг.  Энэ хүмүүний санаачилгаар Морин хуурын чуулгыг 1992 онд байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ.  Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилалтаа эхлэн 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж, Морин хуурын чуулгыг мөнх тэнгэрт тунхаглав.  Хэрвээ чуулга байгуулж,  хөгжүүлэлгүй зөнд нь орхисон бол морин хуураа дэлхийн соёлын өвд Монголын нэрээр бүртгүүлж, олон улсад монголчуудыг төлөөлөхгүй байсан болов уу. Магадгүй бид  төрийн хан хуураар өргөмжилж, айл өрх бүр хоймортоо залах улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарах байсан уу. Морин хуурын чуулгын урын санд  манай нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд болон залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Б.Түвшинсайхан нарын шилдэг бүтээлүүд багтдаг. Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, улсын баяр наадмыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав агсны “Сэрсэн тал”-гүйгээр төсөөлөх эрхгүй. Энэ чуулгын уран бүтээлийг эгшиг хэмнэлээр өрдсөн нэгэн эрхэм  бол Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров.  Түүний “Сэтгэлд шингэсэн говь”, “Цагаан суварга” аялгууг мэдэхгүй монгол хүн үгүй.  Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ баярт сэтгэгдлээ хуваалцан  “Чингис хааныхаа төрсөн өдрөөр Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ. Монгол Улсын тусгаар тогтнол, үнэт зүйлээ хөгжүүлэх, эв эеийг хичээх, дэлхий дахинд эх орноо сурталчлахад гарамгай гавьяа байгуулсан хамтлаг, хувь хүнд уг шагналыг өгнө гэж журамдаа тусгасан байдаг. Энэ шаардлагад Морин хуурын чуулга нийцсэн гэж үзсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ. Монголчуудаа төлөөлөн монгол хүний оюун санааг дэлхийд хүргэж байгаа явдал нь бахархлын өдөр бахархаж болох үйл явдал юм гэж ойлголоо. Энэ бол морин хууртай хүн бүрийн баярын өдөр. Морин хуур тоглодог хүн бүрийн баярт өдөр” хэмээлээ. Орчин цагт  А.Моцарт, Ж.Пуччини, Ж.Бизе, П.Чайковский, А.Хачатурян зэрэг дэлхийн сонгодог, орчин үеийн шинэ урсгал чиглэлийн хөгжмийн бүтээлээр урын сангаа баяжуулжээ. Мөн  морин хуурын гоцлол татлага, концертоос гадна тайз дэлгэцийн 2500 гаруй бүтээлтэй. Суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийн хүрээнд “Кармен сюит”,  киноны хөгжмийн "BEST OF PLAYING LOVE" тоглолтоороо монголчуудын сонорыг мялаасан билээ. Чуулгын уран бүтээлчид 30 жилийн турш туурвиж олны хүртээл болгосон бүтээлүүдээсээ шилдэг 20-ийг нь түүвэрлэн “Монгол аялгуу” алтан пянз гаргасан юм.

“Сэрсэн тал”-аас “Сэтгэлд шингэсэн говь”-ийг туулан мөнхийн "Цагаан суварга" сүндэрлүүлжээ

Морин хуурын чуулга тэр улсад тоглолоо, тийм сонгодог хөгжмийг тоглолоо гэсэн мэдээг бид тогтмол уншдаг. Морин хуурын чуулгын тоглосон алдартай театр, тайзыг тоолсноос, тоглоогүйг нь нэрлэвэл цөөн байх. Тэдний очсон улс, тоглосон тайзнаас  Монгол Улсын нэр бахархалтай дуурсагддаг. Морин хуурын чуулгынхан эх орноо сурталчилдаг “соёлын дайчид” болжээ. Анхны гадаад айлчлан  тоглолтоо 24 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй 1996 оны хоёрдугаар сард Улаан-Үдэд, тавдугаар сард нь Хөххотын Ардын хурлын танхимд монгол хуурын аялгуу эгшиглэсэн юм. 1997 он Морин хуурын чуулгыг олон улсад таниулах жим татсан жил байлаа. Тэр жилийн дөрөвдүгээр сард Пхеньян хотын Үндэсний их театрт, тавдугаар сард Токио, Тама, зургадугаар сард Осака, арваннэгдүгээр сард Киото, Нара, Окинава, Кочи, Хофү, Фүкүока хотод тоглолтоо толилуулжээ. Энэ цагаас хойш НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн индэр, 21 улсын тайзнаа   эгшиглэн үндэсний бахархал, соёл урлагийг түгээсэн гавьяатай. Ингэхдээ алдарт театр, концертын танхим, хааны ордонд тоглож, Монголын урлагийн түүхэнд тод гэрэлтэх түүхийг бичсэн. Автобусаар Улаан-Үд, галт тэргээр Хөххотод очиж байсан бол өдгөө таван тивийг туулж дөрвөн их далайг гатлан аялан тоглолтоо хийж байна. Тодотговол, Нью-Йорк хотын “Карнеги холл”, Вена хотын филармони,  Москвагийн Их театр, Бээжингийн Үндэсний “Сувдан” театр, Санкт-Петербургийн Мариинский театр, Сидней опера хаус театр, Японы эзэн хааны  ордон, Версалийн ордонд морин хуурын аялгуу эгшиглэсэн юм. Дэлхийн том театрууд тодорхой шалгууртай. Морин хуурын чуулга гэдэг их айл өрхөө татсанаас 30 жилийн дараа гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад харилцааны яамнаас  2022 онд “Монгол Улсын Соёлын элч”-ээр өргөмжилсөн юм. Морин хуурын чуулгын ерөнхий удирдаачаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллаж байна.  Чуулгын бүрэлдэхүүнд “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, “Хулан” хамтлаг,  Ятгын дөрвөл, “Арга билэг” этно жазз хамтлагууд өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэн бүтээн туурвиж байна. Хэдий  цэл залуу 31  настай ч  Морин хуурын чуулга хөгжмийн урлагт “Сэрсэн тал”-аас “Сэтгэлд шингэсэн говь”-ийг туулан мөнхийн "Цагаан суварга" сүндэрлүүлжээ.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22