Тарвастай гудамж


Д.Оюунгэрэл /Орчуулагч/

 Дэлгэрсайханы Оюунгэрэл 1996 онд Өвөрхангай аймгийн хоёрдугаар 10 жилийн сургууль, 2004 онд ОХУ-ын Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2020 онд ОХУ-ын Буриадын улсын их сургуулийг хэл шинжээч магистр зэрэгтэй төгссөн, орос хэлний C4 зэрэгтэй.Өдгөө тэрбээр ОХУ-д утга зохиолын орчуулгын аспирантурт суралцаж байна.

 

Хөлбөмбөг тоглож ядраад, хөлс шороонд хутгалдсаар гэртээ орлоо. Тавдугаар байрны хүүхдүүдийг 44:37 харьцаатай хожсон болохоор сэтгэл дотор хөөр хөгжөөнөөр дүүрэн явааг хэлэх үү. Ашгүй угаалгын өрөөнд хүн алга. Гараа түргэхэн шиг булхаж аваад том өрөөнд гүйн орж, ширээний ард суумагцаа:

-Ээж ээ, би бүтэн бух идсэн ч чадна гэлээ.

Ээж минь инээмсэглэж байна.

-Амьдаар нь уу?

-Тийм ээ, туруу шийр, хошуу хоншоортой нь!

Ээж өрөөнөөс гарснаа таваг барин эргэж ирэв. Уур савсаж байхыг үзвэл ногоотой шөл бололтой. Өмнө минь таваг тавиад:

-Идээрэй!  гэлээ.

Гэтэл сүүнд чанасан нарийн гоймон байна. Өрөмтчихсөн. Энэ нь бараг л хүүхдийн будааны зутан гэсэн үг. Зутан байвал дотроо заавал будаа нь бөөгнөрч, харин сүүтэй гоймон болохоор дээр нь дандаа өрөм тогтчихсон байдаг. Ийм өрмийг юун идэх мантай, харах ч дургүй. Ингээд би:

- Гоймон идэхгүй! гэж дургүйцлээ.

Харин ээж:

-Ямар ч яриа байхгүй! гэв.

-Өрөм тогтчихсон байна шүү дээ!

-Юун өрөм? Ямар янзын хүүхэд вэ? Хорт ясан хэдрэг гэж л ийм амьтан байдаг байх!

Тэгэхээр нь би хэллээ:

-Ингэж байхын оронд намайг алчихгүй юу!

Гэтэл ээжийн царай минчийж хүрэнтээд ирэв. Тэгснээ пад хийтэл ширээ алгадаад:

-Чи л харин намайг алах санаатай даг шүү! гэж сүртэй ширүүн дуугарч байна.

Яг энэ мөчид аав ороод ирлээ. Бид хоёрыг хараад асуух нь:

-Юун тухай маргалдаж байна даа? Их халуун мэтгэлцээн өрнөж байх шиг.

Ээж:

-Чи нэг хар даа! Хоолоо идэхгүй гэнэ. Удахгүй арван нэг хүрэх гэж байгаа хархүү, тэгэх мөртлөө охин шиг ааш маяг гаргаад сууна.

Би мөдхөн есөн нас хүрнэ. Гэхдээ ээж намайг арван нэг хүрлээ л гээд байдаг. Наймтай байхад “удахгүй арав хүрнэ” гэж ярьдаг байсан юм чинь.

Аав хэлж байна:

-Ямар учраас идэхгүй гэнэ? Ширгээд түлэгдчихэж үү, эсвэл давс нь чангадчихаж гэнэ үү?

Тэгэхээр нь би:

-Сүүтэй гоймон байна. Өрөм тогтчихжээ гэж хариуллаа.

Аав толгой сэгсрээд:

-Өө за, ийм учиртай байж! Эрхэмсэг гүнтэн Кутькин-Путькин сүүтэй гоймон идэхгүй гэнэ! Мөнгөн царан дээр марципан авчрах ёстой юм болов уу?  гэж байна.

Аавыг ингэж наадам тоглоом хийхэд нь би их дуртай болохоор тачигнатал хөхрөв.

-Марципан гэж юу юм бэ?

-Мэдэхгүй ээ. Сүрчиг сэнгэнэсэн, чихэрлэг амттан л байх. Кутькин-Путькин гүнтэнд тусгайлан зориулж бэлтгэх гүнцэг дээ! За алив, наад хоолоо ид!

-Өрөмтэй байгаа биз дээ?

-Тансаглаж гүйцэж л дээ чи, хүү минь! гэж аав хэлээд ээж рүү эргэв. Хоолыг нь хурааж ав. Дургүй хүрмээр юм! Будаатай зутан идэхгүй, сүүтэй гоймон ч чадахгүй гэнэ! Цамаан гэдэг нь! Тэвчих арга алга!

Ингэж хэлээд аав сандал дээр сууж, нүд рүү цоргитол ширтэв. Хүний хүүхэд харж байгаа юм шиг, үг ч дуугарахгүй, сонин харцаар намайг харсаар. Би ч инээхээ шууд болив. Наргиан дууссан байжээ. Аав их л удаан дуугүй суулаа, ээж бид хоёр ч чимээ авиа гаргасангүй. Хэсэг байзнасны дараа аав надад ч биш, бас ээжид ч биш, тэс өөр хүнд хандах мэт ярьж эхлэв.

-Би лав тэр аймшигт намрыг хэзээ ч мартаж чадахгүй ээ. Тэгэхэд Москвад яасан тухгүй, ямар их уйсмаар байсан гэж санана... Дайн. Фашистууд хот руу дайраад л. Хүйтэн, өлсгөлөн. Томчуудын хөмсөг нумраастай, цаг тутам радио чагнаад л... Аргагүй шүү дээ, тийм үү? Би тэгэхэд арван хоёр гуравтай, хамгийн гол нь их хурдан өсөж, уртаашаа улам л сунаад байсан болохоор үгүй мөн их өлсдөг сөн. Даанч хоол унд хомс тарчиг. Эцэг эхээсээ дандаа талх гуйна. Тэдэнд маань илүү талх хаанаас байх билээ дээ, өөрсдийнхөө хувийг л өгнө, гэлээ ч түүнд нь цадна гэж байхгүй. Гэдэс хонхолзоод унтана, тэгээд шөнөжин талх зүүдэлнэ. Гээд яах вэ дээ... Бүгд л тийм үеийг туулсан. Хүн болгоны мэддэг түүх. Хэчнээн ч их бичив, хэд дахин ч уншигдаа бол...

Нэгэн удаа манай гэрээс холгүй байх давчуу гудамжаар алхаж явтал асар том ачааны тэрэгний тэвшээр дүүрэн тарвас овоолчихсон харагдлаа. Москвад хаанаас яаж авчирсныг бүү мэд. Төөрч яваа тарваснууд ч юм уу. За даа, өрхийн тасалбараар олгох биз. Хэрзийсэн эцэнхий биетэй, сахал үсэндээ баригдаж гүйцсэн, шүдгүй ч юм уу гэмээр, хацар нь хонхойж ороод эрүү нь унжчихсан хүн тэвшин дээр гарч зогсоод, тарвас шүүрэн авч дэргэдэх нөхөртөө өгөхөд өнөөх нь цагаан хувцастай худалдагч эмэгтэйд, худалдагч эмэгтэй бас нэг хүнд... гэх зэргээр дамжуулан, ачааны тэрэгнээс дэлгүүр хүртэл амтат тарвасыг гинжин цуваагаар зогсоо зайгүй урсган зөөнө. Тэр хүмүүсийг гаднаас нь харахад судалтай ногоон бөмбөгөөр тоглож байгаа юм шиг, тэр тоглоом нь их л өрсөлдөөнтэй гоё наадаан болов уу гэмээр. Би ч зогсоод л байлаа. Мөнөөх туранхай ах өөдөөс харснаа шүдгүй амаа ангайлгаад инээж байна. Сайн хүн дэг ээ. Удаан зогсож ядраад, гэртээ харьдаг ч юм бил үү гэж бодож байтал гинжин хэлхээн дундаас нэг нь алдаа гаргах шиг болов. Арай удаан гөлөрсөн үү, эсвэл зүгээр гар нь сулраад алдчихав уу түс тас!.. Хүнд гэгчийн том тарвас цардмал зам дээр, яг миний өмнө унаад хажуу бөөрнөөсөө хага ярагдчихав. Ногоон хальсны доороос нимгэхэн цагаан давхарга, тэгээд чихэрлэг судалтай, хүрэн улаан өнгийн шүүслэг зөөлөн гол нь цухуйж байна. Жирийтэл өрсөн нүд шиг жигтэйхэн олон үрүүд нь өөдөөс хараад жоотойн инээмсэглэх ч шиг. Жинхэнэ гайхамшиг л гэж энэ байх, шүүс нь үсчээд шинэхэн жимсний сайхан үнэр сэтгэл татан сэнхийлээ. Шууд хазаад авмаар санагдсанд бушуу эргээд алхав. Холдож шалиагүй явтал араас:

“Хөөе, жаал аа!” гэх дуулдлаа.

Эргээд хартал түрүүчийн ажилчин ах, яагаа вэ нөгөөх шүдгүй нөхөр, хагархай тарвас барьчихсан гүйж айсуй. Тэгээд:

“Май, дүү минь, гэртээ аваачаад идчих!“ гэдэг байгаа.

Үг ч хэлж амжсангүй. Ах хүү тарвасаа надад бариулчхаад, ажлаа үргэлжлүүлэхээр буцаад гүйчихлээ. Би тэр том тарвасыг арай чамай өргөж явсаар гэртээ хүрч, Валька нэртэй найзыгаа дуудаад, хоёул идэж гарав. Юутай ч зүйрлэмгүй тэр амтыг ээ! Үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй. Валька бид хоёр дориун том зүсэж аваад хазахад зах нь чихэнд тулна. Норж гүйцсэн чихний омог дагаад тарвасны ягаан шүүс дусалж байсан гээд бод доо. Бид хоёрын гэдэс цүдийгээд, яг л тарвас шиг болчихсон юм даг. Тийм цүдгэр гэдсийг хуруугаар тоншиход ямар чимээ гардаг гээч? Бөмбөр шиг дуугардаг юм шүү дээ. Талх байсан ч болоосой, тэгвэл илүү цадна даа гэж бид хоёр харамсаж байж билээ. Ай, зайлуул...

Аав маань цонх руу хараад суучихлаа.

- Цаашдаа улам хүндэрлээ. Намар нүүрээ буруулан хуйсганаж, өвлийн урьтал болсон жижиг ширхэгтэй цасны түрүүч бужигналдахад хуурай салхи цэхвэлзэн тачигнаад юу ч үгүй хаман хийсгэж орхино. Хоол гэхээр юмгүй шахам болж, фашистууд Москваг чиглэн ойртсоор л, мөнхийн өлөн ходоод минь хонхолзоно. Дан ганц талх ч биш, нэмээд тарвас зүүдэлдэг боллоо. Нэгэн өглөө сэрээд хартал надад гэдэс гүзээ гэхээр юм огт үлдэлгүй бараг нуруунд наалдчихсан байв. Хоолноос өөр юу ч бодогдохоо болилоо. Валькаг дуудаад:

“Хоёулаа явъя, эртээдийн гудамжинд очвол ахиад тарвас буулгаж байж магадгүй, ганц нэг нь унах ч юм бил үү, чи бид хоёрт бэлэглэж мэднэ шүү дээ, явцгаая” – гэлээ.

Айхавтар хүйтэрч эхэлсэн цаг болохоор эмгэн хүний эрээн алчуур ороож аваад гарцгаалаа, өөр дулаалах юм байхгүй хойно яалтай вэ дээ. Гадаа хүн багатай, бүүдийсэн саарал өдөр. Москва одоогийнхтой адилгүй, нам гүм байсан цаг. Тарвастай гудамжид очтол нэг ч хүн байдаггүй, дэлгүүрийн өөдөөс харж зогсоод ачааны тэрэг ирэхийг хүлээлээ. Харуй бүрий ч болов, нөгөө тэрэг ирсэнгүй.

“Маргааш ирэх юм байх даа” гэж намайг хэлэхэд:

“Нээрээ маргааш ирнэ байх шүү” хэмээн Валька дэмжлээ.

Ингээд гэрийн зүг гэлдэрцгээв. Маргааш нь гудамжид ирж зогсоод харуулдсан ч бас л бүтсэнгүй. Өдөр бүр ингэж очдог болсон ч тарвастай тэрэг ирээгүй юм.

Аав дуугаа хураав. Цонхоор ширтэн зогсох аавын нүдийг ажвал, ээж бид хоёрт үзэгдэхгүй ямар нэгэн зүйлийг олж хараад байх шиг санагдана. Ээж маань дөхөж очлоо. Гэтэл аав шууд босоод, өрөөнөөс гарч явахад ээж ч араас нь дагав. Би ганцаараа үлдээд, цонхоор түрүүнд аавын харж байсан зүг рүү хэсэг гөлрөн суухад тэртээ доор найзтайгаа чичрэн зогсох аав минь нүдэнд үзэгдэх шиг боллоо. Салхинд дэрчийтэл ганхан зогсоод, цас орсон ч дагжтал чичрэн хүлээсээр буй хоёр жаал. Миний аав найзтайгаа... хүлээсээр л. Ийн төсөөлтөл гэнэт бие зарайж, би тавагтай гоймонгоо ар араас нь яаран халбагадсаар идэж бараад, ёроолд нь үлдсэн сүүг ганц сайн сорж, бас жаахан үлдсэнийг нь талхаар арчин үмхээд, халбагаа долоов оо.

 Виктор Драгунский

/Зохиолч/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22